“Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал”-ын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль хамтран “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  2022 онд зохион байгуулсан билээ.

Улсын Их Хурлын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хуульч, эрдэмтэн судлаачид оролцсон энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд сонирхолтой эрдэм шинжилгээний илтгэлүүд тавигдсанаас одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн тухайн үеийн МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор (LL.D.) О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн цэцийн маргааны харьяалал,бие даасан, мэргэшсэн байдлыг дээшлүүлэх нь”, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан “Монгол Улсын Үндсэн хуулийн процессын эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” , Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тамгын газрын Хууль зүйн газрын дарга Н.Болортунгалаг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд (Эрх зүйн зохицуулалтын хүрээнд)” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлүүдийг тус тус танилцуулсан.

Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүх /Цэц/ хянах эсэх асуудал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, Хууль зүйн доктор (Ph.D.) Х.Сэлэнгэ “Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтын объектыг сайжруулах арга зам: онол практикийн асуудал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант, Легалдата ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Алтангэрэл “Үндсэн эрхийн маргаан шийдвэрлэх нь: ХБНГУ-ын туршлага”, МХХ-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн, Хууль зүйн доктор (Ph.D.) В.Удвал “Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл санаа, зарчмыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага” зэрэг илтгэлүүдийг тавьж илтгэл бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлж төгсгөлд нь сонирхсон асуултаа асууж хариулт авснаар эрдэм шинжилгээний бага хурал өндөрлөсөн.

Дээр дурдсан илтгэлүүдээс бүрдсэн “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал”-ын эмхэтгэлийг 2023 онд МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хэвлүүлэн гаргасан юм.