Монгол Улсын Их Хурлын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүнийг томилов

        Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

        Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасан байдаг.

Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгож буй нэр дэвшигчийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Цэдэвийн Цолмонг нэр дэвшүүлэхээр хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувийн саналаар дэмжжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ саналыг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд, дэмжсэн гэдгийг мөн дурдав. Ц.Цолмонг нэр дэвшүүлэхдээ онол, эрдэм шинжилгээний ажлын туршлага, Улсын Их Хуралд хууль тогтоох чиглэлээр ажилласан туршлага, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хууль боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлага, шүүх байгууллагад ажилласан туршлагыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаагаа тэрбээр танилцуулгадаа онцолжээ.

        Нэр дэвшигч Ц.Цолмон нь 1973 онд төрсөн. 1988 онд Улаанбаатар хотын 52 дугаар дунд сургуулийг төгссөн. 1993 онд  ОХУ-ын Омск хотын Технологийн сургуулийг фототехникийн технологич /бакалавар/ мэргэжлээр, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч /бакалавар/ мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуулийн хууль зүйн магистр, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуулийн хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Тэрбээр ажлын гараагаа Улсын Их Хурлын Тамгын газарт эхэлж, Зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багшаар, 2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд одоо Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, арбитрчаар ажиллаж байгаа хэмээн Улсын Их Хурлын дарга танилцууллаа.

        Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг түүний Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг танилцуулав.

        Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр, 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер, 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захиралаар, 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, МАХН-ын ажлын албаны дэд даргаар, 2005-2006 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар, 2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар, 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан бөгөөд 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 19 жил ажилласан нэр дэвшигч Б.Болдбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгаа гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийн талаарх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

       Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар, Улсын Их Хурлаас Цэдэвийн Цолмон нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус санал болгосон юм. Байнгын хороо уг асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар, Цэдэвийн Цолмон нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Туулхүү нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай болон Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна хэмээн Ц.Мөнхцэцэг гишүүн танилцууллаа.

         Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн санал, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж, үүний зэрэгцээ нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Т.Доржханд, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг. Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлсэн.

      Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт аван, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Нэр дэвшигч Ц.Цолмонг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 68.3 хувь нь, нэр дэвшигч Б.Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг гишүүдийн 65.9 хувь нь, нэр дэвшигч Р.Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг гишүүдийн 65.9.5 хувь нь тус тус дэмжсэн юм. Иймд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд тогтоолыг уншиж, танилцууллаа.

(Эх сурвалж: Parliament.mn)