2024-09-24

ЭМГЭНЭЛ

(1944-2024 он)

          Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн,  Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан,  бидний дотнын анд нөхөр, хамтран зүтгэгч Лэгцэгийн Баасан 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

        Л.Баасан нь 1944 онд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. 1963 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1967 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультетын хуулийн ангийг төгсөж, 1984 онд дэд профессор, 1995 онд Хууль зүйн доктор, 1999 онд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, 2010 онд профессор цол хүртжээ.

        Тэрээр 1967-1970 онд Өвөрхангай аймгийн Прокурорын газарт чухал хэргийн мөрдөн байцаагч, мөрдөн байцаалт эрхэлсэн туслах прокурор, 1970-1972 онд Говь-Алтай аймгийн Прокурорын ерөнхий хяналт эрхэлсэн прокурор, 1984-1990 онд Улсын дээд шүүхийн шүүгч, 1972-1984, 1992-1993 онд МУИС-ийн эрх зүйн багш, тэнхимийн эрхлэгч, 1990-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх төр, нийгэм судлалын академийн төрийн байгуулалтын тэнхимийн эрхлэгч, 1992-1998 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 1996-2015 онд “Отгонтэнгэр” Их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, 2015 оноос өнөөг хүртэл “Отгонтэнгэр” Их сургуулийн зөвлөх профессор байлаа. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрчаар 30 гаруй жил ажиллажээ.

         Л.Баасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүдийн нэг бөгөөд Үндсэн хуулийг сахин хамгаалах, чандлан сахиулах үйлсэд эрдэм чадлаа дайчлан, ухаан шүүж, үлэмж үүрэг гүйцэтгэсэн, амьдралын баялаг туршлагатай, мэргэжил нэгт нөхөд нь өндрөөр үнэлдэг шилдэг хуульч байсан юм.

         Түүний хөдөлмөр, зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат багш” цолоор тус тус шагнажээ.

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Монгол Улсын Гавьяат багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монголын нэрт хуульчдын нэг Лэгцэгийн Баасангийн шинжлэх ухаанч, шударга, хүнлэг, нөхөрсөг, даруу төлөв зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно.

                                                                                                                                                                                                  МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ