Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцан, гавьяат хуульч, академич С.Нарангэрэл нарт шагнал олгов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсад Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, түүнийг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж  жил бүр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагнал олгодог билээ. Энэ удаа тус шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанд олгов.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцээс өнөөдөр зохион байгуулсан  хүндэтгэлийн энэ арга хэмжээний үеэр “Хууль зүйн салбарын оны нөлөө бүхий эрдэмтэн” шагналын эзэн тодорлоо. Уг шагналын анхны эзнээр Монгол Улсын гавьяат хуульч, академич С.Нарангэрэл шалгарав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн судалгааны төв, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн Үндэсний Хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв, Хууль зүйн академи зэрэг байгууллага хамтран Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, хууль дээдлэх зарчмыг чандлан сахиулах, хүний эрхийг хамгаалахад идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласан эрдэмтэнд энэ шагналыг олгож байгаа билээ.

Мөн өнөөдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит Үндсэн хуулийн эрх зүйн сэдэмж бичгийн уралдаанд шалгарсан илтгэлийг сонслоо. Энэ жил нийт 22 оролцогч бүтээлээ ирүүлснээс тэргүүн байранд “Отгонтэнгэр” их сургуулийн багш Р.Очирбал “Ерөнхийлөгчийн хориг” сэдэвт илтгэлээр, Дэд байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн 3 дугаар курсын оюутан Л.Амгаланбаатар “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичиг“ сэдэвт илтгэлээр, Гутгаар байранд Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дүүрэг дэх салбарын өмгөөлөгчийн туслах Б.Чулуунгэрэл “Үндсэн хуулиас хариуцлагыг эрэхүй” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.

Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч.

Random Posts