Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 14 дүгээр дүгнэлт гаргасан билээ.

            Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг; 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх; 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дээрх хуралдаанаар үзсэн.

Мөн уг маргаантай агуулгын хувьд адил буюу холбогдох хуулиар шүүхийг байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар зааж, хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд харьяалуулсан нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянаж эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байгаа болохыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтэд дурджээ.

          Цэцийн энэхүү 14 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцээд 2015 оны 94 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан билээ.

          Монгол Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч 106 дугаар тогтоол гарган Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.

            Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09.30 цагт Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхлэхээр товложээ.

            ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Random Posts