ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ЗААЛТЫГ ДАХИН СЭРГЭЭСЭН ЭСЭХИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ танилцуулж, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахаар тусгасан байсан заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг. Гэтэл Монгол Улсын Их Хурал 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргахдаа дээр дурдсан хуулийн зохицуулалтыг дахин сэргээн баталж, улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. Уг мэдээллүүдийн дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар хэлэлцэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч
2016.03.16