Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэв.

Уг хуулиар иргэд хоорондын зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байх зохицуулалт оруулсан нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгээр  бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна гэж Цэц үзлээ.

Иймд Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “… 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.”, 2 дугаар зүйлийн “Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэн, дээрх заалтуудын үйлчлэлийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүллээ.

Random Posts