Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын азийн нийгэмлэгийн 3 дугаар их хуралд оролцлоо.

IMG_8872

Бүгд Найрамдах Индонези Улсын  Бали хотноо 2016 оны 8 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн /AACC/ 3 дугаар Их хурал болсон ба уг хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг гүйцэтгэгч Доктор, профессор Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Хурлын үеэр төлөөлөгчид Иргэний үндсэн эрхийг хамгаалах болон  хөхиүлэн дэмжих арга зам, түүнийг хангахтай холбоотой Үндсэн хуулийн шүүх, түүний шийдвэрийн үр нөлөө мөн одоогийн тулгамдаж буй асуудал болон ирээдүйн чиг  хандлагын талаар илтгэл тавьж, санал бодлоо cолилцсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг гүйцэтгэгч Доктор, профессор Н.Жанцан “Иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхээс хамгаалах ажиллагааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьж Их хурлын хэлэлцэж буй асуудлаар хэд хэдэн удаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байр суурийг илэрхийллээ.

IMG_1229

Мөн хуралдааны үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг гүйцэтгэгч Доктор, профессор Н.Жанцан Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий шүүгч, доктор Ариеф Хидаяат болон бусад төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзаж Нийгэмлэгийн үйл ажиллагаа болон хоёр Улсын Үндсэн хуулийн шүүхийн цаашдын хамтын ажиллагаа, Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулахтай холбоотой асуудлаар санал солилцлоо.

Энэхүү 3 дугаар Их Хурлаас “Иргэний үндсэн эрхийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай Балигийн тунхаглал”-ыг батлан гаргасан ба тус нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Байнгын ажиллагаатай нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны Төлөвлөлт, зохицуулалтын асуудлыг хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Бүгд Найрамдах Индонези Улсад, Судалгаа ба хөгжлийн асуудлыг хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Бүгд Найрамдах Солонгос Улсад, Сургалтын төвийг Бүгд Найрамдах Турк Улсад тус тус байгуулахаар шийдвэр гаргав.

_DSC0287

Дашрамд дурдахад тус нийгэмлэгийг даргалах улсыг 2 жилийн хугацаатай Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг бөгөөд энэ удаад Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийг дахин 1 жилийн хугацаатай нийгэмлэгийн даргалагчаар үлдээхээр санал нэгтэй шийдвэрлэв.

IMG_8256

Энэхүү их хурал Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, орон бүр ардчилсан үндсэн хуулиа дээдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг оролцогч орнууд санал нэгтэй тэмдэглэсэн байна.

Мөн хуралдааны үеэр гишүүн байгууллагуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болж өнгөрлөө.

IMG_8171

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ