Д.Солонго: Үндсэн хууль бол Монголын ард түмний оюуны хамтын бүтээл юм

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Зарим хүмүүс монголчууд 25 жилийн өмнө л анх удаагаа Үндсэн хууль баталсан гэж ойлгоод байдаг. Гэтэл бид түүнээс ч өмнө Үндсэн хуулиа батлаад, хэрэглээд явж байсан ард түмэн шүү дээ. Энэ талаар, үүх түүх талаас нь та яриач?

-Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсан. Анх 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан байдаг. Ази тивдээ анх Үндсэн хуультай болсон орон гэж хэлж болно. Тэр хуулинд төрийн байгууллагуудын тогтолцоо, улсынхаа бүрэн эрхт байдлын үндсийг анхлан тунхагласан гээд   ач холбогдолыг нь тоочиж болохоор. Харин ард түмнээ  жинхэнэ, жинхэнэ бус хэмээн ялгаж тусгасан байдаг. Түүнээсээ болоод сонгох, сонгогдох эрхтэй холбоотой хязгаарлалтууд байсан нь мэдээж учир дутагдалтай. Түүний дараа 1940 онд Монгол Улс хоёр дахь Үндсэн хуулиа батлан гаргасан. Тэр хуулинд нэлээд дэвшилттэй гэж хэлж болохоор нэмэлт, өөрчлөлтүүд 1949 онд орсон байдаг юм. Ингэснээр 1949 оноос иргэдээ жинхэнэ, жинхэнэ бус гэж ялгахаа больж, эрх тэгш байх үндсийг Үндсэн хуулиараа тогтоон хуульчилсан. Одоо хүмүүс нэг зүйлийг яриад байдаг.

Тухайлбал, аймгуудын болоод яамдын нэр, тоог Үндсэн хуулиар хуульчлах нь зүйтэй гэж. Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийг хараад байхад түүний хамрах хүрээ гэж тогтсон ойлголт байгаа юм. Тэр утгаар нь харвал, аймаг, яамдын нэр, тоог Үндсэн хуулиар хуульчлах нь нийтлэг жишиг биш. Би сая 1940 оны хуулийг ярьж байгаад гэнэт энэ талаар дурьдлаа. Яагаад гэвэл 1940 оны Үндсэн хуульд энэ асуудлыг хуульчилж өгсөн байдаг юм. БНМАУ-ын яамд гээд жагсаачихсан. Мөн аймгуудын нэрийг дугаарлаад жагсаачихсан байсан юм. Хэрвээ Үндсэн хуулиар аймаг, яамдын нэр, тоог хуульчлаад өгчихвөл байсгээд л өөрчлөлт оруулах шаардлага тулгарна.

Яамдыг татан буулгах, нийлүүлэх, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх болгонд л Үндсэн хуулиндаа “гар хүрэх” болно. Гэтэл Үндсэн хуулинд “гар хүрэх”, нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг бол тийм ч амархан, гарын үзүүрээр хийчих ажил биш шүү дээ. Дэлхий нийтэд ч тийм байдаг. Тийм учраас аймаг, яамдын асуудлыг цаг үетэйгээ нийцүүлээд, уян хатан байдлаар журамлаж өгсөн нь зөв гэж хувь хүний үүднээс үздэг. 1940 оны Үндсэн хуулинд байсан нэг том онцлог энэ учраас дурьдлаа. Тэгвэл 1960 онд манай улс гурав дахь Үндсэн хуулиа батлан гаргасан. Хоёр дахь Үндсэн хууль 20 жилийн хугацаатай хэрэгжжээ гэж ойлгож болох нь. Харин 1990 онд буюу 30 жилийн дараа 1960 оны Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан.

Энэ хуулиар төрийн тогтолцоо, нийгмийн улс төрийн  тогтолцоонд томоохон өөрчлөлтүүд хийгдсэн, тухайлбал олон намтай байх Үндсэн хуулийн эрх зүйн үндэс бүрдсэн. Манайх улс төрийн нэг дэглэмээс нөгөө рүү шилжихдээ тайван замаар шилжсэн гэж ярьдаг биз дээ. Энэ шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал бол 1960 оны Үндсэн хуулинд 1990 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан үйл явц гэж би хувь судлаачийн үүднээс үздэг. Тайван замаар шилжилт хөдөлгөөн хийх эрх зүйн үндсийг үүгээр бүрдүүлж өгч. Яах аргагүй Монголын түүхэнд сайнаар тэмдэглэгдэх ёстой үйл явдал юм шүү дээ.

-Хүмүүс 1992 онд цоо шинээр л Үндсэн хууль баталсан гэсэн ойлголттой байдаг. Гэтэл 1924, 1940, 1960 онд гурван ч удаа Үндсэн хууль баталж байж. Тэр хуулиудын үндэс суурь шинэ Үндсэн хуулинд байгаа биз дээ. Эсвэл өмнөх Үндсэн хуулиудыг огт хайхрахгүй орхиод, цоо шинээр баталчихсан юм уу?

-Энэ бол хамгийн сонирхол татсан асуудал. Бид 1924 онд Азид анх удаагаа  Үндсэн хууль баталсан ард түмэн гэдгийг дахиад хэлье. Тэгэхээр, 1990-ээд онд дөрөв дэх Үндсэн хуулиа батлахаар ярилцаж байхдаа өмнөх гурван хуулиас наад зах нь нэр томъёо, цаад зах нь утга санаанаас авахуулаад уламжлагдаж ирсэн зүйлүүд багагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.  Атар газар эзэмшсэн хэрэг огт биш. Энэ далимд хэлэхэд, Монгол Улс хоёрхон Үндсэн хуультай. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг дөрөв дэх  гэж хэлдэг нь буруу хэмээн зарим нэг хүмүүс ярьж байхыг сонссон юм байна. Тэр бол учир дутагдалтай. Мөн чанарын хувьд ангилах юм бол 1924, 1940, 1960 онд батлагдсан Үндсэн хуулиуд социалист чиг баримжаатай, тэр үзэл баримтлалын дагуу боловсруулагдаж, батлагдаж, мөрдөгдөж байсан.

Харин 1992 оны Үндсэн хууль бол Ардчилсан шинэ хууль шүү дээ. Үүгээрээ эхний гурван Үндсэн хууль нэг ангилалд багтаж байгаа юм. Энэ талаас нь харж, ярьж болох юм. Түүнээс биш бид яахын аргагүй дөрөв дэх Үндсэн хуулиа батлаад, мөрдөөд явж байна. Энэ хууль маань ч өмнөх гурваасаа залгамжлагдаж ирсэн. Би энд Б.Чимид багшийгаа дурьдмаар байна. Тэр хүний төр, нийгмийн төлөө оруулсан хувь нэмэр маш их. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүн байсан шүү дээ. Тийм болохоор би багшийнхаа тухай яримаар байна. Б.Чимид багш өөрөө “Би тийм юм хийсэн шүү” гэж ярьдаг хүн байгаагүй юм. Өөрийнх нь  хажууд жаахан магтаад ярихаар таатай хүлээж авдаггүй байсан. Тийм болохоор би энд дурсахыг хүсч байна.

-Тэгэлгүй яахав, та Үндсэн хууль батлахын өмнө ямар судалгаа хийсэн, юу болж байсан талаар сайхан түүх өгүүлэх байх?

-1980-аад оны дунд үед Ц.Сарантуяа профессор бид хоёр залуу багш нар байсан. Б.Чимид багш тэр үед Ардын их хурлын тэргүүлэгчдийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байв. Тэгээд залуу багш биднийг дайчилж, судалгааны ажил хийлгэдэг байлаа. Тэр үед бид улс орнуудыг капитлист, социалист гэсэн системээр нь хуваагаад, Үндсэн хуулийг нь судална. Социалист орнуудын Үндсэн хуулиуд гээд оросуудын хэвлэсэн хоёр том эмхэтгэл   боть байсан. Мөн Хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулийн эмхэтгэл гээд нэлээд олон улсын хуулийг оросууд орчуулаад гаргасан ном байдаг байсан юм. Бид хоёр хичээлээ тараад л орой Б.Чимид багшийн ажил дээр очно. Хүмүүс ажлаа тараад явж байхад Б.Чимид багш маань ид ажиллаад л сууж байдаг байсан.

…1990-ээд онд дөрөв дэх Үндсэн хуулиа батлахаар ярилцаж байхдаа өмнөх гурван хуулиас наад зах нь нэр томъёо, цаад зах нь утга санаанаас авахуулаад уламжлагдаж ирсэн зүйлүүд багагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.  Атар газар эзэмшсэн хэрэг огт биш. Энэ далимд хэлэхэд, Монгол Улс хоёрхон Үндсэн хуультай. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг дөрөв дэх  гэж хэлдэг нь буруу хэмээн зарим нэг хүмүүс ярьж байхыг сонссон юм байна… 

solongo gishuun zuragТэгээд бид хоёроор орчуулга, харьцуулалтуудыг хийлгэнэ. Тухайн улсын парламент хэдэн танхимтай, хэчнээн гишүүнтэй, сонгууль нь ямар зарчмаар явагддаг, Засгийн газар нь юу хийдэг юм, Ерөнхийлөгч байна уу, Эзэн хаантай юу гээд л. Ер нь бол Б.Чимид багш улс төрийн “тогоонд чанагдаж” байгаа эрдэмтэн хүний хувьд өөрийн орны төрийн байгуулалт, хууль зүйн асуудлыг  тухайн үедээ олж харж, мэдэрсэн. Тийм болохоор  1960 оны Үндсэн хуульд өөрчлөлт хийх, дараачийн Үндсэн хуулиа бодох цаг болсныг мэдэрч, судалгаануудыг залуу багш нараар хийлгэж байжээ гэж би боддог.

Бид бүх судалгаагаа улс улсаар нь хүснэгтлээд, нарийвчилсан маягаар гаргаж байсан. Өдөр болгон автобус зогсох дөхөх хүртэл судалгаагаа хийнэ. Орой болсон хойно хоёулаа гараад, Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудал хүртэл алхана. Би тэндээсээ хороолол явах автобусанд сууна. Ц.Сарантуяа багшийнх Циркийн хажууд байсан болохоор урагшаа ганцаараа гүйдэг байлаа. Олон орой бид хоёр хамтдаа явж, судалгаа хийж байсан юм. Одоо бодоход, Б.Чимид багш маань Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй юм байна. Дэлхий нийтийн Үндсэн хуульд нийтлэг ямар зүйл байдаг юм бэ гэдгийг судлах шаардлагатай гэдгийг олж харж, биднээр хийлгэж байж дээ гэж бодогддог юм. Энэ бол тэр хүний Монгол Улсад оруулсан маш том хувь нэмэр, гавьяа.

-Шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болжээ. Энэ хугацаанд Үндсэн хуулийн талаар янз бүрээр л ярьдаг. Гадны хуулийг тэр чигт нь орчуулаад гаргасан, манайд тохирохгүй гэх мэтээр. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-1980-аад оны дунд үеэр гадаад орнуудын Үндсэн хуулийг судлуулж байхад Ц.Сарантуяа багш бид хоёроос гадна С.Төмөр багш энэ ажилд оролцож, санаа оноогоо хэлж, зөвлөгөө өгдөг байсан. Б.Чимид багшид судалгаагаа танилцуулахын өмнө редакцийн ажил хийж, нэгтгэж оролцож байсан.

Энэ жил Үндсэн хууль баталсны 25 жилийн ой болж байгаа хэдий ч 30 гаруй жилийн өмнөөс судалгаа хийх ажлыг нь эхлүүлж байсан юм шүү дээ. Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдахад нарийвчилсан, дэлгэрэнгүй судалгаанууд хангалттай хийгдэж байсан. Энэ ажилд салбар салбарын эрдэмтэн судлаачид, төлөөлөл оролцсон, өргөн бүрэлдэхүүтэй ажлын хэсэг ажилласан. Зөвхөн төсөл боловсруулагдахаас гадна боловсруулагдсан төсөл дээр хэлэлцүүлэг явагдсаны дараа эцсийн хэлэлцүүлэгт орохын өмнө 10-аад дэд хэсгийг байгуулсан.

Би лав “Шүүх эрх мэдэл, хүний эрх” гэдэг Л.Цог даргаар ахлуулсан дэд хэсэгт орж ажилласан. Манай ажлын хэсэгт нэлээд олон эрдэмтэн, судлаач багтсан. Бид байгууллага, хамт олон, иргэдээс ирсэн санал, мөн хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг нэг бүрчлэн уншиж, судалж, Үндсэн хуулинд оруулах боломжтой эсэхээр нь ялгадаг байлаа. Л.Цог даргын өрөөнд бүгдээрээ цуглаад, ширээ тойрч сууж байгаад л уншина. Тэр үед “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаазлах хэрэгтэй. Тийм учраас үүнийг Үндсэн хуулинд тусга” гэсэн санал ч зөндөө гарч байсан.  Гэтэл Үндсэн хууль бол ялын бодлогын үндсийг тогтооно. Ямар ял оногдуулах  нь Эрүүгийн хуулийн асуудал юм гэж үзээд л хариу өгнө.

Гэх мэтчилэн санал болгонд хариу өгч байсан. Таны саналыг Үндсэн хуулинд тусгалаа гэдгээ ч эргэж мэдэгдэнэ. Тэр болгоныг нэг нь бичиж авна. Ийм техник ажлыг үнэхээр хийсэн юм шүү. Тухайн үед манай улс 1.2 сая сонгогчтой байсан. Тэр хүмүүсийн 75 орчим хувь нь буюу давхардсан тоогоор 900-гаад мянган хүн Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед шууд оролцсон. Тийм учраас Үндсэн хуулийг Монголын ард түмний оюуны хамтын бүтээл гэж хэлэхээс өөр арга байхгүй.Тэгээд бүр 200 мянга гаруй санал гарсан. Тэр саналуудыг утсаар, бичгээр хүлээж авч байлаа. Санал авах ажлыг маш сайн зохион байгуулсан.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч нь байлаа шүү дээ. Үндсэн хуулийн төслийг байгууллага, хамт олон болгоноор хэлэлцүүлж байсан. Хэлэлцүүлсэн хуралдааны тэмдэглэлийг хөтөлж байлаа. Гарсан саналуудыг зүйл бүрээр нь тэмдэглэнэ. Тэгээд санал бүрийг багцлаад, сэдэв сэдвээр ангилж байсан юм. Түүний дараа төв комисстоо бүх санал, хүсэлт, тэмдэглэлээ хүргүүлж байсан.

Ирүүлсэн бүх саналын 44.3 хувийг төсөлд тусгасан. Энэ бол нотолгоо баталгаатай юм шүү дээ. Хүмүүс утсаар саналаа өгсөн бол иргэн тэрнээс тэдэн сарын тэдний өдөр тийм саналыг өгөв гэж тэмдэглэж байсан юм шүү дээ. Ингэж л Үндсэн хуулийг баталсан. Түүнээс биш хэн нэгэн бидэнд бэлэглэчихсэн, эсвэл шууд хуулаад орчуулсан юм шиг ярьдаг, боддог бол буруу шүү. Ард түмэн даяараа хөдөлж, хөлхөж байж шинэ Үндсэн хуулийг бүтээсэн юм.

-Сүүлийн үед бас дахиад өөр шинэ Үндсэн хууль батлах ёстой ч гэсэн явган яриа байдаг. Тав дахь Үндсэн хуулиа батлах цаг болсон гэх мэтээр ярьдаг шүү дээ. Энэ тал дээр та судлаач хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-1992 онд баталсан Үндсэн хууль 25 жил үйлчилсэн, одоо хангалттай. Тийм болохоор дараагийн Үндсэн хуулиа баталъя гэж ярих хүн бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж батлагдсан. Өмнө нь тийм хуульгүй явж ирсэн. 2000 онд Үндсэн хуульд оруулсан   нэмэлт,  өөрчлөлттэй холбоотой сайн, муу янз бүрийн хэл ам гардаг. Энэ тал дээр хэн нэг хувь хүн үнэлэлт дүгнэлт өгдөг ч асуудал биш байх.

Би ч гэсэн энд тийм дүгнэлт хийх гэсэнгүй. Ер нь бол тэр үед нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж байгаагүй. Үндсэн хуулийн зургадугаар бүлгийн 68, 69, 70 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалт байдаг юм. Тэр гуравхан зүйлийг бариад бүхэл бүтэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэхээр бас учир дутагдалтай шүү дээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргах шаардлагатай байна гэж үзээд баталсан гэж ойлгодог. Энэ хуулийг гаргахын тулд 200-гаад улсын Үндсэн хуулийг судалсан.

Би ажлын хэсэгт нь багтаж, судалгааны багт нь ажилласан. Биднээс өмнө Үндсэн хуультай болсон маш олон орон байгаа шүү дээ. Ер нь 1787 оны АНУ-ын Үндсэн хуулийг хүн гартаа бариад уншиж болох хамгийн анхны хууль гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Тэр хуулиас авахуулаад үе үеийн хүчин төгөлдөр бүхий 200-гаад орны Үндсэн хуулийг судалсан. Тэр дундаа 120 орчим улсын Үндсэн хуулийг нарийн судалж, нягталсан. Ажлын хэсгийн гишүүд улсуудын Үндсэн хуулиудыг хувааж аваад л судалсан.

Үндсэн хуулийг хэн, ямар саналын хувиар баталдаг юм. Хэдэн үе шаттай баталдаг юм гэдгээс авахуулаад 10 орчим асуултаар шалгуур тавьж байгаад түүнийхээ дагуу судалгаа хийсэн. Би гэхэд Тусгаар нөхөрлөлийн хамтын нийгэмлэгт багтдаг 12 орны Үндсэн хуулийг судалж, хүснэгтлээд тушааж байсан. Ер нь улс орнууд Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд ямар журам баримталдаг вэ гэдгийг судалж үзсэн хэрэг. Тэр бүхнийг харж, судалж байж бие даасан хууль гаргаж, баталсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хэрвээ Үндсэн хуулиндаа гар хүрнэ гэвэл энэ хуулийг дагаж, мөрдөж ажиллана. Ер нь би Үндсэн хуулинд тэр бүр гар хүрээд байх хэрэггүй л гэж үздэг.

-Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг болсон гэж улстөрч болгон ярих боллоо. Төрийн байгуулалтын талаасаа өөрчлөлтүүд хэрэгтэй байна гэх юм. Үнэхээр тэгэх хэрэгтэй болчихсон юм уу?

…Ирүүлсэн бүх саналын 44.3 хувийг төсөлд тусгасан. Энэ бол нотолгоо баталгаатай юм шүү дээ. Хүмүүс утсаар саналаа өгсөн бол иргэн тэрнээс тэдэн сарын тэдний өдөр тийм саналыг өгөв гэж тэмдэглэж байсан юм шүү дээ. Ингэж л Үндсэн хуулийг баталсан. Түүнээс биш хэн нэгэн бидэнд бэлэглэчихсэн, эсвэл шууд хуулаад орчуулсан юм шиг ярьдаг, боддог бол буруу шүү. Ард түмэн даяараа хөдөлж, хөлхөж байж шинэ Үндсэн хуулийг бүтээсэн юм… 

-Үндсэн хууль батлагдсан л бол хэзээ ч, хэн ч өөрчилж болохгүй,  энэ чигээрээ байх ёстой гэсэн юм байхгүй шүү дээ. Үндсэн хуулинд ерөнхий зарчмуудыг суулгаад, төрийн байгууллагуудын эрх мэдлийг оновчтой хуваарилаад, суурь зарчмуудаа хуульчилчихсан. Харин УИХ-ын, Засгийн газрын, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиудаараа тогтсон суурь зарчим, зохицуулалтаа дэмжээд, дэлгэрүүлээд зохицуулаад явдаг жишиг дэлхий нийтээр байна.

Тэгсэн ч гэсэн тодорхой цаг хугацааны эрхээр нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага гарч таарна шүү дээ. Тухайлбал, хоёрдугаар бүлэг буюу хүний эрхийн жагсаалт дээр нэмээд шинэ эрх оруулж болно. Өмнө нь тусгаагүй эрх байна. Тухайлбал, хүн бүр орон сууцтай байх эрх гэж тусгаагүй.

Гэтэл зарим улсын Үндсэн хуулинд тусгаж өгсөн байдаг. Хүний амьдрах орон байр гэдэг эрүүл байх, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэхийн үндэс болж өгдөг. Орох оронгүй, оочих аягагүй хүн сурч боловсрох эрхээ хэрэгжүүлнэ гээд яваад байвал учир дутагдалтай биз дээ.  Тийм болохоор хүн бүр орон сууцтай байх суурь эрхийг хэрэв манай улсын эдийн засаг дааж чадвал тусгаж өгөх хэрэгтэй.  Энэ бол өөрчлөлт биш нэмэлт. Нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулинд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Одоо байгаа эрхүүдээс хасч болохгүй, харин нэмж болно. Жишээлбэл, сурч боловсрох эрхтэй гэсэн заалт байгаа.

Гэтэл сурах эсэх нь хүний эрх. Өөрөө хүсвэл сурна биз, үгүй бол болино биз дээ, хуулиас хасна гэвэл Үндсэн хууль хэрэгжиж байгаа цагт хэзээ ч үл хэрэгжих асуудал. Харин нэмье гэвэл болно. Өөрчлөх асуудал байж болно. Эрх мэдлийн хуваарилалт дээр гажуудал байна, өөрчилье гэхэд болно. Үүнийг үгүйсгэхгүй байна. Харин заавал тав дахь Үндсэн хууль батлах энэ тэр гэж яриад хэрэггүй. Манай улс 1924-1992 оны хүртэл дөрвөн Үндсэн хууль баталчихсан. Үндсэндээ 70 жилийн хугацаанд шүү дээ. Гэтэл 70 жил гэдэг нэг улсын хувьд тийм ч урт хугацаа биш.

Улс битгий хэл хувь хүний амьдралд ч 70 жил гэдэг урт биш гэж хэлж болно. 70 гарчихсан хүмүүс он жилүүд ямар хурдан өнгөрчихдөг юм бэ дээ гэдэг биз дээ. Гэтэл энэ хугацаанд манай улс дөрвөн Үндсэн хууль баталчихсан байна. Ялангуяа эхний гурван хуулийг 20 гаруй жилийн зайтай баталж байж. Гэхдээ нийгмийн хөгжилтэйгээ холбоотой л доо. 1924 оны Үндсэн хуулийг шилжилтийн үеийнх гэж тодорхойлчихсон. Харин 1940 оныхыг болохоор Социализмын үндсийг тавих үеийнх. 1960 оны Үндсэн хуулийг социализмын материал техникийн баазыг барьж байгуулах үеийнх гэж ангилдаг. Хөгжлийн нэг шатнаас нөгөө рүү шилжихэд Үндсэн хуулиараа бэхжүүлдэг гэж үздэг.

Гэтэл манайхны зарим нь 1992 оны шинэ Үндсэн хуулийг шилжилтийн үеийн хууль гээд байдаг. Бид марксист-ленинист онолоос татгалзсан гэж ярьдаг байж буцаад түүнийгээ сэргээгээд, тухайн үеийн формацийн онолоороо Үндсэн хуулийнхаа үечлэлийг авч үзвэл дэвшээд байна уу, ухраад байна уу гэдэг асуудал яригдана биз дээ. Иймээс тав дахь Үндсэн хууль батлан гаргана гэвэл нийгмийн их л том өөрчлөлтийн үр дүнд яригдах асуудал байхаа. Харин одоогийн Үндсэн хуульд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулахыг үгүйсгэдэггүй. Жишээ нь, гишүүдийн тоо 76 байгааг нэмнэ гэж ярьдаг. Зөв ч байж болно, буруу ч байж бас болох. Би түүнийг дүгнэхгүй. Үнэхээр шаардлага байвал ард нийтээрээ хэлэлцээд, өөрчилж болно шүү дээ.

-Одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гээд ард түмнээр хэлэлцвэл иргэд тийм ч идэвхтэй оролцохгүй болов уу гэж бодогдох юм?

-Шинэ Үндсэн хуулийг батлах гэж байх үед бол хуулийн төслийг сонинуудад хэвлэж, телевизээр маш их хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэр үед ямар олон телевиз ч байсан биш. Орой ажлаасаа ирээд, зурагтаа асаахаар Үндэсний телевизээр ажлын хэсгийн гишүүд, судлаачид, сонирхсон иргэд оролцсон дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг гээд олон нэвтрүүлэг гарна. Радиогоор мөн олон нэвтрүүлэг цацаж, асуудлыг ярьдаг байлаа.

Тэр үед нэг сайхан зүйл нь иргэдийн дунд ялгарал гэхээр юм байгаагүй. Тэр дундаа хөрөнгө чинээгээрээ ялгардаг зүйл бараг алга байсан. Бид чинь 45-ын гутал өмсөөд, 7.20-ын хиам идэж, 11.20-ын чихэр хүлхэж явсан. Гэтэл өнөөдөр өнөөх есийн тосыг чинь транс тос л гэнэ. Таалагдах юм олдохоо больсон. Зөвхөн хоолоо шарах тос хүртэл үнээрээ өөр өөр болчихсон. Ганц ургамлын тос л ямар их ялгарал үүссэнийг харуулж байгаа биз дээ. Ийм байхад хүмүүс санаа нэгтэйгээр, шинэ Үндсэн хуульд санаа оноогоо өгөөд, оролцоод явах уу. Үндсэн хуулийг чинь нийгмийн гэрээ ч гэж үздэг. Төр иргэний хооронд байгуулсан гэрээ. Би тэгвэл чи тэгнэ, төр биднийг хамгаална, бид ч эргээд эх орноо хамгаална, татвар төлнө  гэх мэтээр байгуулсан гэрээ гэж хэлж болно. Харин өнөө үед нийгэм ямар болсон билээ.

Цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүд багшийн харцаар нэг зүг харахаа больсон цаг. Өөр өөрийнхөө олж авсан, харсан, үзсэнийхээ хэрээр санаагаа хэлээд, ярьдаг болчихсон. Ийм үед нэгдсэн нэг зорилгод хүрээд, шинэ Үндсэн хуулийг баталчихна гэдэг тийм ч амархан ажил биш. Хэлэхэд бол амархан байх л даа. Хийхэд хэцүү л гэж би боддог. Харин 30-аад жилийн өмнө хамтраад, зүтгээд, энэ сайхан оюуны бүтээлийг би болгочихоод, өнөөдөр муучлаад байх шаардлагагүй. Нэг л жаахан юм болохгүй болохоор Үндсэн хуулиас л болсон гээд байдаг.

Ийм яриаг олон сонсч байна. Үндсэн хууль гэдэг хоёр талын хоорондын харилцааг чи яг тэг, ингэ гэж нарийвчлан зохицуулдаг хууль огт биш. Нийгмийн суурь харилцааг зохицуулдаг. Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр дээр төрийн байгуулал гэсэн малгайн дор ямар ямар байгууллагууд байх юм, хэн нь юу хийх гэдэг хуваарийг нь тогтоож өгнө. Харин яаж хийх вэ, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байх вэ гэдгийг ердийн хуулиар зохицуулна шүү дээ.

Гэтэл асуудлаа ердийн хуулиараа олигтойхон зохицуулчихаж чадахгүй, эсвэл тэр хуулиа олигтойхон хэрэгжүүлэхгүй байж юм болохоор л Үндсэн хуулийн буруу гээд байдаг. Дээрээс нь нийгмийн харилцааны үндсийг тогтоон зохицуулсан хуультай байна гэдэг нэг асуудал, харин түүнийгээ нэг мөр хэрэгжүүлэх гэж бас нэг асуудал байна. Манайх хэрэгжүүлэх  дээрээ хуулийг санаатай, санамсаргүйгээр буруугаар тайлбарладаг,эсвэл хуулийн утгыг мушгин гуйвуулдаг, үгүй бол өөрөө агуулгыг нь буруу ойлгоод тэрийгээ бусдад тулгах, гэх мэт хандлагууд түгээмэл байна.

-Тэр дундаа УИХ-ын гишүүдээс ийм хандлага гарах гээд байдаг юм шиг ажиглагддаг?

-Би судлаач хүний хувьд нэг зүйлийг хэлье. Парламентын олон жилийн түүхтэй улс орнуудыг хараад байхад парламентат  ёсны нэг том соёл байдаг. Парламент гэдэг хамтын удирдлагын байгууллага. Нэг гишүүн ганцаараа хэзээ ч хууль баталдаггүй. Бүр нэжгээд гишүүн байлаа ч батлахгүй. Олонхиор баталдаг.

Тэгээд хуулийн төслийг боловсруулах, өргөн барих, ажлын хэсэг, байнгын хороод, нэгдсэн чуулганд хэлэлцүүлэх явцад өөрөө эсрэг байр суурьтай байвал тэр санаа, онолоо батлаад, яаж эсэргүүцэж, улайрч, тэмцэлдэх нь парламентын гишүүний бүрэн эрхийн асуудал. Харин хууль олонхийн саналаар батлагдсаны дараа сөрөг сурталчилгаа хийх, шүүмжлэх, хэчнээн сөрөг байр суурьтай байсан ч түүнийг ярихгүй байх соёл олон улсад тогтсон байдаг юм билээ.

Яагаад гэвэл нэгэнт батлагдсан хуулийг УИХ-ын гишүүн ч бай өөрөө дагаж мөрдөх үүрэгтэй шүү дээ. Насаараа парламентын гишүүн байхгүй биз дээ, бүрэн эрхийн хугацаа дуусаад энгийн иргэн ч болж болно. Тэр үедээ ч нэгэнт батлагдсан хуулийг дагаж биелүүлээд  л явахаас өөр аргагүй. Хуулийг ганц сар, жилээр үйлчлэхээр гаргахгүй. Харьцангуй тогтвортой байдаг. Дээрээс нь хууль парламентаас гардаг болохоос гишүүний баталсан хууль гэж байхгүй.

Эзэн, зохиогчгүй байдаг шүү дээ, хууль чинь. Харин сүүлийн үед би санаачилсан хууль гээд зохиогчтой болгох гээд байдаг хандлага гарах болсон. Энэ бол парламентат ёсонд хүлээн зөвшөөрч болохоогүй зүйл байдаг юм билээ. Харин хуулийг батлагдаад гарсны дараа эрдэмтэд судлаачид хэрэгжилтийн байдлыг нарийвчлан судлаад  шүүмжилж болно. Хэрэгжилтийнх нь явцад бас иргэд ийм байна, тийм асуудал байна гээд санал бодлоо илэрхийлж  болох юм.

Random Posts