Д.Ганзориг: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулиа хамгаалж, түүнийг биелүүлэх ажиллагаанд хяналт тавьдаг институт

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа. 

-Үндсэн хуулийн цэцийг үндсэн хуулийг шүүх гэдэг. Энэ нэрнээс эхлээд ямар чиг үүрэгтэй байгууллага болох нь харагддаг. Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллагын талаар товч танилцуулахгүй юу?

-Монгол Улс 1992 онд хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан төрийн үндсийг тогтоосон шинэ Үндсэн хуулийг баталсан.

Ардчилсан төрийн үндсэн зорилго, зорилт хүний эрх, эрх чөлөөг хувь этгээдээс эхлээд төр, түүний байгууллага, албан тушаалтан, нийгмийн олонх, ер нь хэн ч бай хүндэтгэн хүлээн зөвшөөрүүлэх, тийм тогтолцоог аль ч хүрээнд бий болгох явдал байдаг. Энэ зорилт нь зөвхөн Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг тодорхойлон бичиж баталгаажуулснаар хангагдахгүй.

Харин хүний эрх, эрх чөлөө, ардчилсан үнэт зүйлсийг баталгаажуулж өгсөн энэ Үндсэн хуулиа өөрийг нь хамгаалдаг, түүнийг биелүүлэх ажиллагаанд хяналт тавьдаг институт буюу байгууллагатай байж дээрх зорилт хэрэгжинэ.

Дэлхийн олон улс орон энэ зорилгоор Үндсэн хуулийн шүүхийг байгуулан Үндсэн хуулиа, хүний эрхээ хамгаалж ирсэн байдаг. Ялангуяа, дэлхийн 2 дугаар дайны дараа энэ хандлага нийтлэг болжээ.

“Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хууль хэрэгжих баталгаа болдог учир Монголын төрийн дархлаа”

Монгол Улс ч энэ хандлагын дагуу дэлхий нийтийн ололтыг өөрийн төрийн тогтолцоондоо тусгасан. Тодруулбал, 1992 оны Үндсэн хуулиар иргэдийнхээ эрхийг хамгаалах, ардчилсан засаглалыг хангах үүднээс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцүүлэх, тэдгээрийн эрх хэмжээг түүнд нийцүүлж хязгаарлахын тулд “Үндсэн хуулийн цэц” гэсэн нэртэй Үндсэн хуулийн шүүхийг анх байгуулахаар хуульчилсан юм.

Эдүгээ Цэц байгуулагдаад 25 жил болж байна. Энэ долоодугаар сард 25 жилийн ой нь болно.

“Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хууль хэрэгжих баталгаа болдог учир Монголын төрийн дархлаа” гэж манай нэрт хуульч тэмдэглэсэн байдаг.

-Үндсэн хуулийн цэц болон шүүх байгууллага хоёрын ялгаа нь юу вэ?

Гол ялгаа нь бол шийдвэрлэж байгаа маргаан, хэрэглэж буй хуульд байна. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хууль, тэр дундаа Үндсэн хуулиар баталгаажсан төрийн байгуулал, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн бүх үнэт зүйлийг хамгаалах чиг үүрэгтэй. Энэ үүднээсээ Үндсэн хуультай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.

Харин бусад шүүхүүд иргэд хоорондын маргаан, эсвэл захиргааны байгууллага иргэд хоорондын маргааныг шийдвэрлэдэг.

Цэцийн шийдвэрлэх маргааны талаар тодруулаад яривал, Үндсэн хуулийг хэн зөрчих боломжтой вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.

Төрийн эрхийг барьж байгаа байгууллага, албан тушаалтан л өөрийн шийдвэр, үйл ажиллагаагаар Үндсэн хуулиа зөрчдөг, тэрнээс биш энгийн нэг иргэн, доод шатны захиргааны албан тушаалтан зөрчихгүй.

Жишээ нь Улсын Их Хурал хууль гаргахдаа Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг хязгаарласан хууль гаргадаг юм уу, Засгийн газар шийдвэр гаргахдаа Үндсэн хуулиар олгосон өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэх гэх зэрэг зөрчил гаргадаг. Үүнийг нь Үндсэн хуулийн цэц авч үзээд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоодог.

Төрийн эрхийг барьж байгаа байгууллага, албан тушаалтан л Үндсэн хуулиа зөрчдөг

Ингэхдээ энэ ингэсэн байна гээд өөрөө шууд шийдэхгүй, заавал иргэн эсвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтан хандсанаар л тухайн асуудлыг шийднэ. Энэ бол Цэцийг шүүх болгож байгаа нэг шинж нь. Хүмүүс зарим нь Цэц энэ асуудлыг аваад шийдэх хэрэгтэй гэж их ярьдаг, ухаан нь гарсан хуулийг уншиж байгаад л энэ нь Үндсэн хууль зөрчсөн юм шиг байна гээд өөрөө аваад шийдээд байх хэрэгтэй гэж.

Хэрвээ Цэц ингэж асуудалд хандах юм бол шүүх биш хууль буюу хэм хэмжээ тогтоогч эсхүл бүр захиргаадагч байгууллага болно. Энэ бол ардчилсан төрд байж болохгүй зүйл л дээ. Эндээс Үндсэн хуулиа хамгаалахад иргэдийн оролцоо их чухал гэдэг нь харагдаж байгаа юм.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн шүүхийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын санал асуулга, сонгуулийн талаарх шийдвэр хүний эрхийг хязгаарласан эсэх, Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаарх маргааныг хянан шийдвэрлэж Үндсэн хуульд нийцээгүй болох нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох эрхтэй байдаг.

Мөн төрийн дээд албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор /үйл ажиллагаа, ёс зүй, шийдвэр/ Үндсэн хууль зөрчсөн эсэх, тэднийг огцруулах, эгүүлэн татах үндэс байгаа эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй.

Эдгээр нь Үндсэн хуулийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан юм.

Үндсэн хуулийн цэц жилд хэдэн маргаан шийдвэрлэдэг вэ? Үндсэн хуулийн цэцэд  хандах тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн үү?

Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх буюу Цэц нь байгуулагдаад 25 жил болж байна. Үндсэн хуулийн цэцэд хандах иргэдийн хандлага өөрчлөгдөн, тэднээс ирүүлж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн тоо жил ирэх тутам улам өсөн нэмэгдэж байна.

Энэ хугацаанд буюу 1992 оноос 2016 оныг дуусталх хугацаанд 2,400 орчим өргөдөл, мэдээлэл хүлээн авч хянасан байдаг. Цэц байгуулагдсан эхний жилүүдэд  нэг жилдээ 20 гаруйхан өргөдөл, мэдээлэл ирдэг байсан бол одоо өдөртөө л 2-3 болж, ирж буй өргөдөл, мэдээллийн хууль зүйн үндэслэл нь илүү сайжирч байна.

Random Posts