Д.Ганзориг: Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд төр үүргээ биелүүлэх ёстой

Ардчилал бол хэнээр ч шахуулаагүй хараат бус иргэдийн шууд оролцоогоор бүрэлдэн тогтсон. Харин өдгөө ардчиллын эцэг болсон иргэдийн шууд оролцооны эрх хумигдаж, үр дүнд нь улс төрийн дампуурал нүүрлэж эхэллээ гэдгийг хэлэх хүн олон бий. Иргэдийн оролцооны асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригтой ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг маш удаан хугацаанд ярьж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү, та юу гэж дүгнэж байна?

-Үндсэн хууль батлагдсанаас хойш 25 жил болж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар бүх түвшинд ярьж, ажлын хэсэг байгуулагдаад буй. Нэмэлт, өөрчлөлт оруулах шалтаг, шалтгааныг олон янзаар тайлбарлаж ярьж байх шиг байна. Жишээ нь, цаг хугацааны хүчин зүйлс. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулийн жишгээр 1992 онд баталснаас хойш 20 гаруй жил болсон учраас өөрчлөлт оруулах ёстой гэсэн үндэслэл. Үүнийг Үндсэн хууль өөрчлөх үндэслэл бүхий хүчин зүйл гэж үзэхэд хэцүү, их энгийн гэмээр шалтгаан юм. Дэлхийн бусад орны Үндсэн хуулийг аваад үзэхэд цаг хугацааны хувьд олон зуун жил үйлчилсэн, богино хугацаанд үйлчилсэн Үндсэн хууль ч байдаг. Түүнээс гадна асуудал үүслээ гэхэд түүний учир шалтгаан нь Үндсэн хууль гэсэн туйлшрал ч байж л байна. Энэ мэт зүйл л юуг илэрхийлж байна вэ? Гэвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлийн талаар хийсэн цогц судалгаа, тогтсон үзэл баримтлал байхгүйг л илэрхийлж байгаа хэрэг юм.

1992 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх ажлыг тодорхой үе шаттайгаар хиймээр байгаа юм. Нэгдүгээрт, одоогийн Үндсэн хуулийн утга санаа, хэрэгжилтийг бүх талаас нь сайтар судалмаар байна. Жишээ нь, хотын эрх зүйн зохицуулалт. Үнэндээ хоттой холбоотой огт хэрэгжиж үзээгүй нэг хууль (Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль) аль тэртээ 1993 онд баталснаас өөрөөр дорвитой юм огт хийгээгүй л байна. Өөр хувилбарын талаар ярилцаж, зохицуулж үзсэн юм байхгүй. Энэ зохицуулалт нь амьдралд юу нь болсон, болоогүй, өөрөөр яаж зохицуулж болохоор байсан гээд судалбал их юм гарч болно. Ийм суурь судалгаа үгүйлэгдэж байгаа учраас одоо бол энд тэнд хүмүүсийн санаа явж байна гэж хэлэхэд буруудахгүй. Үндсэн хуулийн хэрэгжилтийн судалгааны дүн гарсны дараа түүнийгээ хэлэлцүүлээд зөв, буруугаа шүүгээд үзэхэд ч гэмгүй. Судлаач нарын, эсхүл тодорхой нэг байгууллагын захиалгаар хийсэн судалгаа гээд олон янзын судалгаа байна. Эдгээрийг харгалзан үзэж, нэгтгэн дүгнэх нь ажлын хэсгийн эхний ажил баймаар. Хоёрдугаарт, ямар ч хууль өөрчлөх ажил үзэл баримтлалаа боловсруулахаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлалаа эхэлж тогтох ёстой. 1991 онд Улсын бага хурлаар Их цаазын төслийн үзэл баримтлалын талаар маш том илтгэл бэлтгэж, хэлэлцэж байсан баримт бий. Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах үндсэн шалтгаанаа тодруулах ажил их л дутуу дулимаг явагдаад байна даа гэсэн бодолтой байна.

-Засгийн газар, УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах хоёр ч ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай хийж байх шиг байна. Нэг нам нь давуу эрхтэй ийм цаг үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?

-Хууль зүйн талаасаа УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурван хувь нь дэмжиж байж Үндсэн хуулийг өөрчилнө. Тиймээс нэг нам, улс төрийн хүчин хэт олонх суудалтай эсэхээс үл хамаарч, Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн орчин бол байна. Нөгөө талаараа Үндсэн хууль бол хууль зүйн баримт бичиг байхаас гадна улс төр, нийгмийн зөвшилцлийн баримт бичиг. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улс төрийн хүчин, иргэний нийгмийн байгууллага, өргөн олон иргэдийн оролцоог хангах, нийгэм даяараа зөвшилцөл хийх шаардлага байгаа. Үндсэн хуульд байнга гар хүрээд байх боломж хомс учраас одоо нэгэнт ийм яриа эхэлсэн учраас олон удаагийн хэлэлцүүлэг хийж, зөвшилцөлд хүрэх бүх арга замыг хайж, оролдох ёстой. Харилцан ойлголцол, бие биенээ хүндэтгэх байдал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд маш их хэрэгтэй гэж бодож байна. Ингэхгүй бол хэн нэгэн нь бас нэг “гомдол”-той үлдэж нэмэлт өөрчлөлтийг баталсан өдрөөс нь эхлээд шүүмжлээд, дахиад өөрчлөх гээд хөөцөлдөж эхэлж ч мэдэх юм. Тиймээс үзэл баримтлалаа ч юм уу эсхүл бэлэн боловсруулсан (хуулийн хэлээр бол томьёолсон) төсөл байгаа бол түүнийгээ ард иргэдээр (үүнд улс төрийн хүчнүүд, иргэний нийгэм гээд бүгд л орно) хэлэлцүүлэг хийх ёстой юм. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын нэг үе шат л болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авахтай хамт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ард нийтийн санал асуулга авна гэж яриад байгаа шүү дээ?

Санал асуулгаар бол тийм үү үгүй юү гэсэн асуулт тавиад хариу ч мөн л ийм л гарна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт шаардлага байгаа юу? Тийм эсхүл үгүй гэвэл асуулт нь хэт ерөнхий, хариу нь ихээхэн эргэлзээтэй гарч болох юм. Нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэвэл яах вэ, оруулах шаардлагатай гэхэд яаж өөрчлөх гэж байгаа нь тодорхойгүй үлдэх үү үгүй юу гээд ард нийтийн санал асуулга явуулъя гэхэд асуудал их бий. Цаг хугацаа, тайлбарлан таниулах ажил гээд хажуугаар нь хийх зөндөө юм бий. Энэ бүх зүйлийг бодолцож байж, санал асуулга явуулах шийдвэр гаргах буй за. Харин дээр хэлсэнчлэн, тодорхой томьёолол гаргаад түүнийгээ ард нийтээр хэлэлцүүлэх нь илүү үр дүнтэй л санагдана. 1992 оны Үндсэн хуулийг бүхэлд нь батлахдаа ард нийтийн санал асуулга явуулаагүй, харин хэлэлцүүлсэн шүү дээ.

-Ер нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо чухал шаардлагатай. Түүний эрх зүйн үндэс нь ямар байдаг вэ?

-Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалт байна. Иргэн төрийг удирдах хэрэгт нэг бол өөрөө шууд, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болох заалт ч Үндсэн хуульд байна. Харин бид 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш гол төлөв төлөөллийн ардчиллын хэлбэрт түлхүү анхаарч, хуулийн зохицуулалтаа хийсээр иржээ. Тэгвэл төлөөллийн ардчиллаас гадна иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх өргөн боломж бий. Шийдвэр (хууль тогтоомж, тогтоол гэх мэт) гаргах талаар “санал санаачилга” гаргахаас эхлүүлээд өөрсдөө хуульд нийцүүлэн шийдвэр гаргах зэрэг олон хэлбэр байна. Дэлхийн улсуудыг харахад, үүний эрх зүйн үндсийг хоёр түвшинд авч үзэж байна. Үндсэн хуулийн түвшинд буюу Үндсэн хуульд өөрт нь шингээх, ердийн хуулийн түвшинд. Мөн улсын хэмжээнд, тодорхой нэг нутаг дэвсгэрийн хэмжээнд гэж газар нутгаар нь авч үзэж болмоор. Үүнийгээ товчхон тайлбарлая. Иргэд улсын хэмжээнд үйлчлэх хуулийн төслийн талаар санал санаачилга гаргаж болно. Нэг иргэн нь санаачлаад бусдаараа дэмжүүлж гарын үсэг цуглуулах. Тодорхой тоонд хүрмэгц хууль санаачлагчид уламжилна. Улсын их хурал нь тухайн хуулийн төслийг хэлэлцэх үүрэгтэй, харин батлах эсэх нь түүний бүрэн эрх байх жишээний. Ийм механизм дэлхийн олон оронд хэвшил болсон байна. Тодорхой нэг нутаг дэвсгэр өөр хоорондоо адилхан зүйл ихтэй боловч бас ялгаатай зүйл ихтэй. Жишээ нь Улаанбаатар, Эрдэнэт хоёр төвлөрсөн суурин газар гэдэг утгаараа адил, харин замын бөглөрөл гэдгээрээ өөр. Тиймээс замын бөглөрлийг багасгах зорилгоор Улаанбаатар хотын оршин суугч миний гаргасан санал санаачилгын талаар Улаанбаатар хотын бусад иргэд л дэмжиж гарын үсэг зурах нь зүйн хэрэг. Үүнийгээ л миний төлөөллийн байгууллага болох Иргэдийн хурлаар хэлэлцүүлээд албан ёсны шийдвэр болгуулах ажил юм даа.

-1992 оны Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож болно гэж заасан байдаг. Өнгөрсөн хугацаанд иргэний оролцоо яагаад бүдгэрчихсэн юм бэ. Иргэд төрийн эрх мэдэлд санал өгөхөөс өөрөөр оролцож чадаж байна уу?

-Иргэний оролцоо бүдгэрсэн гэж бодохгүй байна. Харин хийж чадаагүй байгаа ажлуудын нэг л гэж харж байна. 1992 оны Үндсэн хууль алс ирээдүйд зохицуулалт хийхийг шаардсан хууль. Жишээлбэл, Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй гэж заасан ч энэ нь хууль болж 2002 онд батлагдаж байсан. Үүнтэй нэг адилаар бүдгэрсэн гэж хэлж болохгүй байгаа юм. Тодорхой цаг хугацааны асуудал байгаа байх. Ямар ч гэсэн энэ асуудлыг хөндөж, ярьж, тодорхой түвшинд хууль болгож байна гэдэг сайн зүйл. Магадгүй одоо иргэний оролцоог нэмэгдүүлэх суурь, иргэдийн ухамсар, эдийн засгийн бааз суурь нь бий болсон байж болох. Түүнээс шууд бүдгэрсэн гэж хэлэхэд хэцүү.

-Цаашид ямар механизмыг бий болгож байж иргэний оролцоо илүү их, илүү тод болох боломжтой юм бол?

-Юуны өмнө иргэдийн оролцоог хангах талаар тухайн харилцааг зохицуулсан ямар нэгэн журам эсхүл эрх зүйн хэм хэмжээ агуулсан хууль эсхүл тогтоолтой болох шаардлага байна. Иргэдээс гарах олон сайхан санаа байна, гагцхүү тэдгээрийг албан ёсны болгох, бусад иргэдээр дэмжүүлэхийн тулд тодорхой эрх зүйн механизм байх ёстой болж байна. Улсын хэмжээнд хууль тогтоох, бүх иргэдийг оролцуулах гэх мэт төвөгтэй байж магадгүй. Тийм учраас тодорхой нэг орон нутгийн түвшинд уг асуудлыг шийдвэрлэхэд болохгүй гэх газаргүй. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд зохион байгуулалтын хэлбэрт орж, тодорхой зөвшөөрөл авсны үндсэн дээр самар түүж, мөнгөтэй болсон байна. Энэ мөнгө бол улсын төсөвт орох мөнгө биш. Энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулах вэ гэдгийг нэг бол иргэдийн Хурал шийдвэрлэнэ, нэг бол сумынхаа иргэдийг оролцуулаад шийдвэрлэнэ. Өөрөө хэлбэл, шийдвэр гархын өмнө иргэдийн Хурлын санаачилгаар, эсхүл иргэдийн өөрсдийн санаачилгаар юунд зарцуулах вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Аль ч утгаар нь аваад үзсэн, иргэд нь оролцож байж л асуудал шийдвэрлэгдэж байна гэсэн үг юм. Энэ мэтчилэнгээр иргэдийн оролцоог хангаад эхэлбэл бусдынхаа санаа бодлыг ойлгох, хамтаараа асуудлаа шийдвэрлэх гэх зэрэг эерэг зүйл их гарах болов уу гэж харж байна.

-Одоо бол иргэд өөрсдийнхөө оролцоог төлөөллийн зарчмаар илүү их илэрхийлж байгаа. Тэр нь УИХ, иргэдийн хурал гэх мэт?

-Иргэн сонгуульд оролцох замаар төлөөллийн байгууллага болох УИХ, ИТХ-ыг байгуулдаг. Эдгээр байгууллагын нэг чиг үүрэг бол иргэдээ төлөөлөх. Гэтэл энэг чиг үүргийг биелүүлэхтэй холбоотой асуудал их гарч байгааг улс төр судлаач эрдэмтэд тэмдэглэж байна. Тиймээс иргэдийн шууд оролцооны механизмыг мөн давхар хүлээн зөвшөөрч, зохицуулах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Энэ хоёр хэлбэрийг нэгийг нь нөгөөд нь сөргөлдүүлэх биш, харин зэрэгцүүлээд зохицуулаад явах ёстой санагдана.

-Тэгэхээр иргэдийг эрхээ эдэлдэг, эрхээ мэддэг байлгахад соён гэгээрүүлэх ажил их чухал байх. Иргэд би ийм эрхтэй шүү гэдгээ мэддэг нь тун ховор учраас оролцоо бага байна уу гэж хараад байна?

Ganzorig 2Иргэдийн оролцоо гэдэг бол юун түрүүнд оролцох гэж байгаа иргэний ухамсар, хүсэл зоригоос ихээхэн хамааралтай. иргэний ухамсар гэдэгт мэдлэг боловсрол, эрх зүйн болоод бусад шинжлэх ухааны талаар ерөнхий мэдлэг орно. Иргэний ухамсар (түүний дотор эрх зүйн ухамсар)-ыг төлөвшүүлэхэд төрийн байгууллагын үүрэг их. Мөн иргэний нийгмийн байгууллагын үүрэг ч их. Хууль тогтоомж, шийдвэрийг тайлбарлан таниулах, сурталчлах, ойлгуулах ажил чухал ач холбогдолтой нь хэн бүхэнд ойлгомжтой. Энэ ажлыг хийхдээ орчин үеийн техник технологийн дэвшлийг яаж ашиглах вэ гэдэг талаар тодорхой шийдэлд хүрэх ёстой болов уу. Жишээ нь, facebook ашиглах гэх мэт. Нөгөө талаас иргэн хүний өөрийн хүчин зүйл гэж чухал хүчин зүйл байна. Хууль тогтоомжийг тайлбарлан таниулсаар атал асуудалд хойрго хандах, гутранги байх, аливааг үгүйсгэх зэрэг сөрөг хандлага их түгээмэл байна. Ийм тохиолдолд гарч буй шийдвэрийг заавал биелүүлэх механизмыг бүрдүүлэх нь төрийн хийх ажлын нэг хэсэг болно.

-Иргэдэд санаачилгатай, иргэний оролцоогоо дээшлүүлэх тийм сонирхол байна уу?

-Юуны өмнө иргэд тодорхой асуудлыг шийдвэрлэхэд оролцсоноор, тухайн шийдвэрийг биелүүлснээр түүний үр өгөөж нь тухайн иргэнд хэрэгтэйгээр тусна гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм байна. Жишээ нь, гудамж хашаагаа байнга цэвэрлэснээр, цэвэрлэх журам гаргаснаар, энэ журмын дагуу тогтмол цэвэрлэдэг болсноор танд, таны үр хүүхдэд ийм ач тустай гэдгийг мэдрүүлбэл иргэд дараа дараагийн шийдвэр гаргах процесст идэвхтэй оролцож мэдэх юм. Ач тустайг нь мэдэрсэн иргэн хэний ч шахалт шаардлагагүйгээр өөрөө санаачлаад асуудлаа шийдвэрлэнэ. Энэ талаасаа харвал иргэдийн сэтгэхүй өөрчлөгдөж, оролцох хүсэл тэмүүлэл ч дээшилж байх шиг байна. Хэдэн жилийн өмнө тамхитай холбоотой хууль гарсан. Гармагц нь уг хуулийг шүүмжилсэн, үгүйсгэсэн хүн их байсан. Гэтэл одоо эргээд харахад ядаж л хоолны газартаа тамхи татдаг хүнгүй болсон байна. Хэрэв нэг хүн “дүрсгүйтээд” тамхи татах гэвэл цагдаа ирж зохицуулахгүйгээр, эсхүл мэргэжлийн хяналтын байцаагч ирж хянахгүйгээр иргэд шаардлага тавьснаар “энэ дүрсгүйтэл” зогсох жишээний. Иргэд өөрсдөө л асуудлаа шийдвэрлэж байгаагийн энгийн жишээ юм болов уу гэж боддог. Төгсгөлд нь, товч дүгнэхэд, иргэдийн оролцоог хангах албан ёсны журам хэрэгтэй юм байна, энэ журмаа иргэдэд тайлбарлан таниулах хэрэгтэй юм байна, үүнийхээ үндсэн дээр иргэд тодорхой асуудлаар санал санаачилга гаргаж, эрх бүхий этгээдээр хэлэлцүүлдэг болох ажлыг яриа хэлцэл биш, ажил хэрэг болгоё гэсэн санаа бодолтой байна.

Ш.ЧИМЭГ

Random Posts