Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн анхны дарга, гавъяат хуульч, доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан болно.

Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг /цаашид өгүүлэл гэх/ шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.

Зохион байгуулагч байгууллага:
– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв
– Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн
– Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төв
– Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төв
– Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв

ШАГНАЛЫН САН: Шалгарсан 1 өгүүлэлд:
– Шалгаруулалтад ирүүлсэн өгүүллээс шүүгчдийн нэгдсэн дүнгээр нэг шилдэг өгүүлэл шалгаруулна.
– Шалгарсан шилдэг өгүүлэлд өргөмжлөл, мөнгөн шагнал 1.000.000 (нэг сая) төгрөг
– Хамтран зохион байгуулж буй байгууллагуудын эрхлэн гаргасан бүтээл (сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ном, сэтгүүл)-ээс өгүүлэл нь шалгарсан оролцогчид өгнө.
– Шилдэг өгүүллийг хамтран зохион байгуулагч байгууллагууд хариуцан олон нийтэд мэдээлнэ. Уралдаанд ирүүлсэн өгүүллийг нийтэлсэн сэтгүүлийг уралдааныг зохион байгуулсан байгууллагын номын санд шилжүүлэн өгнө.

Хугацаа:
– Өгүүллийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авна.

Шалгаруулалтад ирүүлэх өгүүлэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
1. Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дараахь бүтэцтэй байна.
– Өгүүллийн нэр;
– Зохиогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, эрдмийн зэрэг, цол;
– Өгүүллийн хураангуй; (50 үгэнд багтсан байна);
– Түлхүүр үг (англи хэлээр, 10 үгэнд багтсан байна);
– Оршил;
– Өгүүллийн үндсэн хэсэг;
– Дүгнэлт, санал;
– Эх сурвалжийн жагсаалт.
2. Өгүүллийн хэмжээ 12-аас 18 (хавсралтыг оролцуулан) нүүрэнд багтаасан байна.
3. Өгүүллийг цахим хэлбэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ.
4. Өгүүллийг зохиогч нь нэг буюу хэд хэдэн иргэн байж болно.
5. Хууль зүйн ач холбогдолтой тулгамдсан асуудал, сэдэв хөндсөн байна.
6. Зохиогчийн эрхийн талаарх хууль тогтоомж, судалгааны ёс зүйг баримталсан байна.
7. Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл (гадаад, дотоод)-д шалгаруулах оны өмнө жилд нийтлэгдсэн байх.
8. Оролцогч нь өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлээс 5 хувийг ирүүлнэ.
9. Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг илтгэлийн эмхтгэл болон сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлүүлсэн бол тооцохгүй.

Шилдэг өгүүлэл шалгаруулах шалгуур үзүүлэлт:
– Шинжлэх ухааны ач холбогдол;
– Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал;
– Судалгааны арга зүйн түвшин;
– Онол, практикийн ач холбогдол;
– Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой байх;
– Эрдэм шинжилгээний бичлэг, хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байх.

Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн 11-315789 болон 88007557 утаснаас лавлана уу.

Random Posts