МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

                                        МЭНДЧИЛГЭЭ

           Монгол Улсын иргэд ээ,

          Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Үндсэн хуулийн цэц  байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Монгол Улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлахдаа түүний агуулга, үзэл санаа, үндсэн бүтцийг хамгаалан заалт бүрийг хэлбэрэлтгүй мөрдүүлэх, Үндсэн хуулийн маргааныг хянан хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх бүхий бие даасан институт буюу Үндсэн хуулийн цэцийг байгуулсан нь Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэн хөгжүүлэх, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд чухал алхам болсон билээ.

          Бид энэ 25 жилийн хугацаанд өөрийн үйл ажиллагаагаараа ардчилсан эрх зүйт төр, Үндсэн хуульт ёс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах гол баталгаа болохоо харуулж ирлээ. Энэ бол хууль зүйн болон нийгэм, улс төрийн салбарын чадварлаг хуульчид, эрдэмтэн мэргэдийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

          Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ хугацаанд ардчилсан төрийн нэг  амьд эд эс нь болж ажиллаж ирсний хамт, эрх зүйт төр, Үндсэн хуульт ёсны үзэл санааг нийт иргэдэд ойлгуулж, соён гэгээрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульт ёс өндөр хөгжсөн улс орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудтай харилцаа тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлсэн он жилүүд байв.

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь цаашид гагцхүү Үндсэн хуульд захирагдах зарчмыг дээдлэн Үндсэн хуулиа чандлан сахиулах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргээ иргэд Та бүхний бат дэмжлэгт суурилан зөв, шударга шийдвэрээрээ Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэн тогтоох их үйлсэд бодит хувь нэмрээ оруулан ажиллах болно.

         Үндсэн хуулийг сахин хамгаалах нэр төртэй албанд хүчин зүтгэсэн үе, үеийн эрхэм гишүүд, нийт ажилтан, албан хаагч Та бүхэндээ 25 жилийн ойн баярыг тохиолдуулан аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байна. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан нийт иргэдийнхээ эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг тунхаглан зарласан Монгол Улсын Үндсэн хуулийг мэдэж, сахих үйлсэд өндөр амжилт хүсье.

                                   Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай!

                               МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА

                                                          ДОРЖИЙН ОДБАЯР

 

Random Posts