Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр болов. Уг хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах … ” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэлээ.

Энэхүү хуралдаанаас гарсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр ба Улсын дээд шүүхийн тайлбар хэмээх ойлголтыг томъёолж, улмаар Улсын дээд шүүхээс хэргийн болон хэм хэмжээний тайлбар гаргах тухай үзэл санааг илэрхийлсэн байгаа тул Улсын дээд шүүхээс зөвхөн хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн үзэл баримтлал хийгээд зохицуулалтад үл нийцжээ гэсэн байна.

olloo_mn_1429091409_huuli

Мөн Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хэрхэн хуулийн нэг мөр, албан ёсны тайлбар болгох асуудлыг тусгайлан зохицуулаагүйгээс Улсын дээд шүүхээс агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй болж, Улсын дээд шүүхийн 3-5 шүүгчийн саналаар хуульд тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн байна гэжээ.

Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн хэмээн үзэж, дээрх заалтыг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч

2015.3.11

 

Random Posts