Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

      Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна:” гээд 26.5.2 дахь заалтад “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж заасныг хангаагүй байхад түүнийг Засаг даргаар томилж Монгол Улсын Ерөнхий сайд  2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12 дугаар захирамжийг гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

Huraldaan bolloo

     Уг хуралдаанаар Л.Ганболд нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй болох нь холбогдох хуулийн зохицуулалт болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилж, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж үзэн уг заалтыг түдгэлзүүлсэн байна.