Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

        Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр баталсан 29 дүгээр тогтоолын холбогдох заалтаар төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ.

      Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.