Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.

Уг хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэж холбогдох зохицуулалтыг тус өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн тус хуралдаанаар хянан хэлэлцсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль зүйн техникийн хувьд засаж залруулах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлтэндээ дурдсан байна.

Uncategorized