2018-10-17

Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааны шинжийг агуулаагүй гэж үзэж магадлал гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 6.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад дээрх маргаан нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааны шинжийг агуулаагүй буюу Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, эрх зүйн хийдлийг арилгах, хууль хоорондын уялдаа хамаарлыг сайжруулахтай холбоотой асуудал болох нь тогтоогдож магадлал гаргалаа.

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн уг шийдвэрт “Дархлаажуулалт”,  болон “Сэргийлэх тарилга” гэх ойлголтыг хууль зүйн хувьд тодорхой болгох, дархлаажуулалт, сэргийлэх тарилгад хамрагдахаас хуулийн дагуу татгалзах тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг нарийвчлан зохицуулах, энэ тохиолдолд холбогдох хариуцлагаас чөлөөлөх, хүүхдийн дархлаажуулалтын талаарх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, дархлаажуулах бэлдмэлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд төрөөс түүний үр дагаврыг арилгах, нөхөн төлбөр олгох хууль зүйн боломжийг бүрдүүлэх хэм хэмжээг хуульчлах зэрэг тулгамдсан асуудал байгааг онцлон тэмдэглэсэн байна.

/2018.10.17/