УИХ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

УИХ-ын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5  дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө,   орлого байхгүй бөгөөд хуульд заасан       аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан  гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан  нь   Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн билээ.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж заасныг зөрчөөгүй хэмээн үзсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэснийг; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргажээ.

Цэцийн уг дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцсэн асуудлаар  санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив. “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 66.7 хувь дэмжснээр дээрх УИХ-ын тогтоол батлагдлаа.

/2018.10.26/