Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн билээ.

Сонгуулийн дүнд байгуулагддаг УИХ болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн УИХ-ын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц үзэж, 14 дүгээр дүгнэлтийг гаргасан байна.

Тус дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.

УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүrээp зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан бөгөөд тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэний дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь хүлээн авахыг дэмжсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. /2018.11.22/