Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг маргааны төрлөөс хамааран ялгамжтай зохицуулах нь: Цэцийн шийдвэрийн хууль зүйн үр нөлөөг дээшлүүлэх боломж

 

“Diverse arrangements of the constitutional court procedure of the Constitutional Court of Mongolia regarding to the type of the dispute"

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа билээ. Үндсэн хуулийн цэцийн хяналтыг дээд хяналт гэдгийн учир нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар дахин хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх бүхий байгууллага, албан тушаалтан байдаггүйд оршино[1]. Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэр гармагцаа хуулийн хүчин төгөлдөр болж биелэгдэх хүчин чадалтай, тухайн асуудлаар цаашид нийтээр дагаж мөрдөх, удаан хугацаанд үйлчлэх, жишиг тогтоох хандлагатай байдгаараа бусад байгууллагын шийдвэрээс ялгаатай, мөн тэр хэрээр иргэд болон албан тушаалтан, нийт нийгэмд нөлөөлөл ихтэй байдаг билээ[2].

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн биелэлт, хууль зүйн үр нөлөөг хэрхэн дээшлүүлэх талаар манай улсын хууль зүйн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэд анхаарлаа хандуулж өөрсдийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлдээ бичсэн байдаг. Тухайлбал:

– Академич Ж.Амарсанаа “Үндсэн хуулийн шүүх өөрийн тогтоолдоо актыг хүчин төгөлдөр бус гэж тооцсоны улмаас зохицуулалтгүй үлдсэн харилцааг зохицуулахаар шинээр хууль гаргах, эсхүл үйлчилж байгаа хууль тогтоомжид шаардлагатай өөрчлөлт оруулахыг өөрийн тогтоолдоо хууль тогтоогчид зөвлөмж болгодог явдлаараа Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг манай Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд дорвитой нэвтрүүлэх шаардлагатай.”;

– Доктор, профессор Н.Жанцан “Эдүгээ бидний хэрэглэж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хангах талаарх зохицуулалтыг нарийвчлан тогтоогоогүй байдаг. Энэ нь зарим талаар бусад улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулахад манай улсад хоцрогдол байгааг нэг талаас харуулж байгаа юм. Энэ мэтчилэн цаашдын хандлага, хөгжлийн чиг баримжаагаа тогтоох, шийдвэрийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх зэрэг асуудлыг  … онцлон үзэж байна[3].”;

– Доктор, профессор Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж их суудлын хуралдаанаараа тухайн хуулийг хүчингүй болгох эсэх тухай тогтоол гаргадаг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь аль нэг тохиолдолд буцаж үйлчлэх талаар зохицуулалт манай хуульд тусгаагүй тул энэ талаар цаашид судалгаа хийж, ирээдүйд гарах шийдвэрийнхээ хүчин чадал, үр нөлөөг дээшлүүлэх боломжтой юм.” хэмээн бичсэн байдаг[4].

Харин миний бие энэхүү сэдэмж бичигтээ Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрөл, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэн явуулах үндэслэл (өргөдөл, мэдээлэл, хүсэлт), Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль бусад шийдвэрийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн тухай асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэгт нарийн тохирсон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зохицуулалттай болсноор Цэцээс гарах шийдвэрийн чанар, түүний биелэлт, хууль зүйн үр нөлөө дээшлэх боломж байгаа эсэх асуудлыг хөндөхийг зорилоо.

  1. Иргэний өргөдлийн дагуу үүссэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай журам тогтоох асуудлыг хөндөх нь:

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг:

1/ иргэдийн өргөдөл[5];

2/ иргэдийн мэдээлэл[6];

3/ холбогдох байгууллага, албан тушаалтны хүсэлт[7];

4/ Цэцийн гишүүний тогтоолыг эс зөвшөөрсөн тухай болон хэргийн харьяалал тогтоолгох тухай иргэдийн гомдол[8];

5/ Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар[9] үүсгэж шийдвэрлэх зохицуулалттай.

Эдүгээ мөрдөгдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрх чөлөө хөндөгдөж байна гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандсан иргэний өргөдлөөр үүсгэн шалгаж буй маргааныг өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрх чөлөө хөндөгдөөгүй боловч нийт иргэн болон улсын ашиг сонирхлын үүднээс, эсхүл төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар хандсан иргэний мэдээлэлтэй адилхан журмаар хянан шийдвэрлэж дүгнэлт, тогтоол гаргадаг учир бодит байдал дээр өргөдөл гаргасан иргэний зөрчигдсөн байж болох эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй, хамгаалагдахгүй үлдсэн хэвээр байгаа юм. Уг асуудлыг тодорхой тохиолдолд тулгуурлан тайлбарлахыг хичээе:

Тохиолдол: Иргэн “Л” Үндсэн хуулийн цэцэд хандаж “миний бие 2010 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эрүүгийн онц хүнд гэмт хэрэгт холбогдож Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч “Х”-г өөрийн өмгөөлөгчөөр сонгон мөрдөн байцаалтын болон бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцуулахаар тохиролцон улмаар зохих төлбөрийг төлж ажиллуулсан юм. Гэтэл өмгөөлөгч “Х” нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан хугацаанд хяналтын шатны шүүхэд хянуулахаар гомдол гаргаагүй. Учир нь өмгөөлөгч “Х” нь тухайн үед надаас болон гэр бүлийнхнээс маань 10 сая төгрөг төлөхийг шаардсан. Бидэнд түүний шаардсан мөнгө бэлэн байгаагүй учир мөнгийг төлж чадаагүйгээс надад холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүхээр хянуулахаар хуулийн хугацаанд гомдол гаргах боломжийг ашиглаж чадаагүй юм.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдөл ирүүлжээ.

Цэцийн шийдвэр: Дээрх өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж 01 дүгээр дүгнэлтийг гаргажээ. Энэхүү дүгнэлтэд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг нь шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлан Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилсан нь иргэний өөрийгөө өмгөөлөх эрх болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … өөрийгөө өмгөөлөх, … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй.” гэснийг зөрчсөн байна[10] хэмээн дүгнэжээ.

Шийдвэрийн биелэлт: Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйл /Цэцийн шийдвэрийг биелүүлэх/ийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн зааснаар түүнийг Улсын Их Хурал хүлээн авсан тул маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны процесс цааш үргэлжлээгүй байна.

Шийдвэрийн хууль зүйн үр нөлөө: Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээж авснаар шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь эрүүгийн хэргийн талаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээгдсэн боловч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан өргөдөл гаргагчийн Үндсэн хуульд баталгаатай эдлэхээр заасан  шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хэрхэн сэргээхтэй холбоотой асуудал шийдвэрлэгдэлгүй орхигдсон байдаг.

Өөрөөр хэлбэл, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэж гаргасан дүгнэлт, тогтоолын биелэлт, хууль зүйн үр нөлөө нь мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэж гаргасан Цэцийн шийдвэртэй ижил үр дагавар үүсгэж буй явдал нь Монгол Улсын Үндсэн хуулиар “өргөдөл”, “мэдээлэл” хэмээн ялгаж хуульчилсны ач холбогдлыг бууруулж байгаа гэж үзэхээр байх тул өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, хуралдаанд бэлтгэх, гарсан шийдвэрийг биелүүлэхэд чиглэгдсэн харилцааг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмаар зохицуулах хэрэгтэй байна.

Тодруулбал, өргөдлийн дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх явцад Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байж болох тодорхой үндэслэл илэрвэл /тухайлбал, иргэн “Л” өөрийнхөө Үндсэн хуулиар баталгаажсан шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг зөрчигдсөн гэж үзээд өргөдөл гаргасан тул Үндсэн хуулийн цэцийн шийдвэр түүний эрх зүйн байдлыг дээшлүүлэхэд тодорхой хэмжээнд нөлөөлөл үзүүлэхэд чиглэх ёстой болов уу/ иргэний хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаарх асуудлыг хянан шийдвэрлэх үүрэг бүхий этгээдийг нэрлэн зааж, тухайн этгээд Цэцийн шийдвэрийг хэрхэн биелүүлбэл зохихыг тусгаж байх боломжтой.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг хэрэгжүүлж  өргөдөл гаргагчийн тодорхой нэг асуудлыг буюу зөрчигдсөн байж болох эрхийг сэргээх, хамгаалах асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэх тухай заалтыг Цэц өөрийн шийдвэртээ тусгаж, түүнийг тухайн этгээд хэрхэн биелүүлбэл зохих гэх мэт зүйлийг тусгай журмаар зохицуулбал[11] Цэцийн шийдвэрийн биелэлт, үр нөлөө тэр хэмжээгээр нэмэгдэж, Үндсэн эрхийн гомдлын дагуу хяналт явуулдаг сонгодог тогтолцоонд бага боловч дөхөж очихыг үгүйсгэхгүй юм.

  1. Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөс хамааран процессын тусгай журам тогтоох асуудлыг хөндөх нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь өөр хоорондоо харилцан адилгүй 5 төрлийн маргааныг харьяалан шийдвэрлэдэг хэрнээ процессын нийтлэг нэг журмыг баримтлан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргадаг. Тодруулбал:

  1. Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дараах шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ: хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /тогтоол/; Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр; Засгийн газрын шийдвэр /захирамж, тогтоол/; Монгол Улсын олон улсын гэрээ; ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллага /Сонгуулийн ерөнхий хороо/-ын гаргасан шийдвэр /тогтоол/.
  2. Цэц дараах албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана: Монгол Улсын Ерөнхийлөгч; Улсын Их Хурлын дарга; Улсын Их Хурлын гишүүн; Ерөнхий сайд; Засгийн газрын гишүүн; Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч; Улсын ерөнхий прокурор.
  3. Цэц дараах албан тушаалтнуудыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана: Монгол Улсын Ерөнхийлөгч; Улсын Их Хурлын дарга; Ерөнхий сайд.
  4. Цэц Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана.
  5. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоодог.

Үндсэн хууль болон Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаарх маргааныг Үндсэн хуулийн цэц эцэслэн шийдвэрлэхгүйгээр зөвхөн дүгнэлт гаргахаар, харин хууль Үндсэн хуульд нийцэж буй эсэх маргааныг эцэслэн хянаж тогтоол гаргах тухай ялгамжтай зохицуулалтыг хуульчилсан байдаг. Тийм атал хууль Үндсэн хуульд нийцэж буй эсэх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд удирдлага болгон баримталдаг процессын зохицуулалтыг бусад төрлийн маргааныг хянан шийдвэрлэх /тухайлбал, албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх/ ажиллагаанд мөн адил мөрдаж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар тухайн төрлийн маргааны онцлог байдлыг харгалзан Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг ялгамжтай хуульчилсан байдаг тул процессын хуульд тусгай журам тогтоох боломжтой гэж үзэж болохоор байна.

Дээр дурдсан Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “… шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлан Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилсан нь иргэний өөрийгөө өмгөөлөх эрх болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж … байна.” гэсэн байдаг. Цэцийн уг шийдвэрийн үндсэн агуулга нь Үндсэн хуулиар баталгаажсан өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ заавал хэн нэгэн этгээдээр уламжлуулж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байгаа тухай асуудлыг дүгнэсэн болов уу гэж сэтгэнэ.

Гэтэл энэхүү үндэслэлийн агуулгыг ташаа утгаар ойлгон шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлуулж буй явдал нь Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хязгаарлаж байгаа юм бол өмгөөлөгчөөс гадна бусад этгээдийг нэрлэн зааж, тэдгээрээр уламжлуулах зохицуулалтыг тусгаж өгвөл Үндсэн хуулийн зөрчил арилна хэмээн хууль санаачлах эрх бүхий этгээд тайлбарлаж байсан нь бий. Тиймээс, одоо мөрдөж байгаа процессын хуулийн зохицуулалтаар Цэцийн шийдвэрийн үндэслэлийг хуралдаан дуусмагц уншиж сонсгон холбогдох байгууллагуудад хүргүүлдэг нийтлэг зохицуулалтаас  хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн дунд, их суудлын хуралдааны дүгнэлт, тогтоолыг тусгай журмаар гаргадаг байдлаар зохицуулах боломжтой юм.

Энэ талаар Хууль зүйн ухааны доктор Д.Сугар “Өмчийн харилцааны Үндсэн хуулийн зохицуулалт” сэдэвт өгүүлэлдээ бичсэнийг сийрүүлбэл, тухайн шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг гүнзгий ул суурьтай боловсруулах үүднээс 14-21 хоногийн хугацаанд бичгийн хэлбэрт буулгаж албажуулах зэргээр процессын тусгайлсан журмыг хуульчилбал Үндсэн хуулийн зарчим, үзэл санааг нарийн ойлгуулах, олон нийтийг Үндсэн хуулиа хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх Цэцийн шийдвэрийн үр нөлөөний ач холбогдол өндөрсөнө[12] гэсэн байна.

  1. Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль бусад шийдвэрийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай журам тогтоох асуудлыг хөндөх нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэдэг зохицуулалттай бөгөөд уул асуудал нь Цэцийн шийдвэрийн хэрэгжилттэй салшгүй холбоотой билээ.

Эрх зүйн соёл өндөр хөгжсөн орнуудад Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр биелэхгүй байх тухай ойлголт байхгүй[13] боловч манайд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээх явдал цөөн биш удаа гарч байна. Үүний нотолгоо бол, Үндсэн хуулийн цэц сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Цэцийн гишүүний санаачилгаар 4 удаа хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэг асуудлаар Үндсэн хуулийн цэц 2 удаа хуралдаж дүгнэлт болон тогтоол гаргасаар байхад тухайн хуулийн заалтыг шууд болон агуулгаар нь дахин сэргээх явдал гарч байгаа нь хууль тогтоогчийн санаатай болон эрх зүйн соёл, ухамсар, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хууль зүйн болон бусад хүчин зүйлээс хамаарч байхыг үгүйсгэхгүй боловч нөгөө талаар үүнийг процессын нийтлэг журмыг удирдлага болгон шийдвэрлэж байгаатай холбон үзэж болох юм.

Дээрхээс улбаалан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолын үндэслэл хэсэгт дурдсан зөрчил, дутагдлыг арилгасан тохиолдолд[14] Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг сэргээн хуульчлах боломжтой юу гэсэн асуудал урган гарч байгаа юм.

Жишээлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар дүгнэлтэд: “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд түдгэлзүүлэх тухай шийдвэр гарснаас эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа шинээр тоологдох үр дагавартай байдаг. Гэтэл дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “… төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэх ойлголтоор хугацаа тодорхойлохоор тогтоосон төдийгүй, түдгэлзүүлэх үндэслэл болгон заасан байна. Мөн түүнчлэн холбогдох хуульд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхэд ямар журмыг баримтлах, талуудын эрхийг хэрхэн хангах зэргийг холбогдох хуулиудад нарийвчлан тусгаагүй байгаа нь иргэн Үндсэн хуулиар баталгаажсан процессын эрхээ хэрэгжүүлэх, түүнчлэн шүүгчээс холбогдох асуудлыг шударга ёс, тэгш байдлын зарчмын хүрээнд шийдвэрлэх боломжгүй болгож байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байна.” гэсэн үндэслэлийг тусгажээ.

Хэрэв хууль тогтоогч Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийн үндэслэлд дурдагдсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхэд ямар журмыг баримтлах, талуудын эрхийг хэрхэн хангах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг хуульчилсан тохиолдолд хүчингүй болсон тухайн заалтыг сэргээх боломжтой байх (шууд болон агуулгаар нь сэргээсэн гэж үзэхгүй байх)-ыг үгүйсгэхгүй юм.

Иймд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлээгүй, эсвэл хууль зүйн хувьд бүрэн биелүүлэхгүйгээр хэлбэрийн төдийд хэрэгжүүлэх, ташаа ойлгож мушгин гуйвуулах аваас тухайн шийдвэрийн хууль зүйн үр нөлөө, нийгэмд гүйцэтгэх үүрэг тодорхой хэмжээнд буурах, эрх зүйн хийдэл үүсэх зэрэг сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Тиймээс Үндсэн хуулийн үзэл баримтлал, мөн чанар, амин сүнс нь шингэж гаргасан Цэцийн шийдвэрийн үндэслэлд заасан зөрчил дутагдал, эрх зүйн хийдэл болон боловсронгуй болгох тухай асуудал, явцуу хийгээд өргөжүүлсэн тухай асуудлыг засаж залруулан ягштал хэрэгжүүлэхэд онцгой анхаарч энэ талаарх зохицуулалтыг тусгайлан хуульчлах нь Цэцийн шийдвэрийн хууль зүйн үр нөлөө дээшлэхэд зохих хэмжээнд түлхэц болно гэж үзэж байна.

Үүний тулд, Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь сэргээсэн эсэх тухай асуудлыг хяналтын журмаар шийдвэрлэх тохиолдолд холбогдох ажиллагааг тусгай журмаар явуулдаг байхаар холбогдох хуульд тусгах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өргөдөл”, “мэдээлэл” хэмээн хуульчилж, хэн өргөдөл гаргах, ямар тохиолдолд мэдээлэл ирүүлэхийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар ялгаатай тогтоосон хэрнээ тэдгээрийг хянан шийдвэрлэх процессын ажиллагаа нэг журмаар явагддаг. Энэ байдал нь Үндсэн хуульд баталгаатай эдлэхээр заасан иргэний эрхээ хөндөгдсөн гэж үзээд өргөдөл гаргасан иргэний эрхийг сэргээх талаар ажиллагаа явагдахгүй байх нэгэн хүчин зүйл болж байгааг үгүйсгэх боломжгүй юм.

Хэрэв тухайн маргааны хүрээнд өргөдөл гаргагчийн субьектив эрх хөндөгдсөн болох нь илэрхий эсхүл бусад эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдож байвал тэр талаар Цэц шийдвэртээ нэг бүрчлэн тусгаж, иргэний эрхийг сэргээн эдлүүлэх талаар шүүх бусад байгууллага ямар арга хэмжээ авбал зохихыг тусгаж байх нь зүйтэй байна.

  1. Үндсэн хуулийн цэц нь хууль, бусад шийдвэр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг 2 шаттай (дүгнэлт, тогтоол), харин бусад маргааныг 1 шаттай (зөвхөн дүгнэлт гаргах) хянан шийдвэрлэж байхаар Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ба түүнд нь тохирсон процессын ялгаатай зохицуулалт Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд тусгагдаагүй орхигдсон байдаг.

Тодруулбал, өөр хоорондоо ялгаатай олон төрлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг процессын нэг журмын дагуу явуулахаар хуульчилсан нь тухайн асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэх боломжийг зохих хэмжээнд хязгаарлаж байгаа учир тэдгээрийн онцлог байдалд тохирсон процессын зохицуулалтыг хуульчлан тогтоосноор нэг талаас Үндсэн хуульд нийцээгүй хууль, бусад шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэх, эсхүл холбогдох албан тушаалтанты хууль бус үйл ажиллагаанд холбогдуулан дүгнэлт гаргаж чадахгүй байх нөхцлийг хууль зүйн хувьд бууруулж, нөгөө талаас хувь иргэний болон нийтийн ашиг сонирхол тэр хэмжээгээр хамгаалагдах боломжтой юм.

  1. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай асуудлыг хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд мөн л процессын ижилхэн зохицуулалтыг баримтлан холбогдох ажиллагааг явуулан шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн чанар, түүний биелэлтэд нөлөөлж байна.

Товчдоо бол, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай  хуульд зааснаар Цэц нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, хуралдаанд бэлтгэх, нотлох баримт цуглуулах, талуудаас тайлбар гаргуулах, холбогдох шийдвэр гаргах, тухайн маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэхэд чиглэсэн нэг бүрчилсэн шинжтэй процессын хуулийн тусгай журамтай болсноор Цэцийн дүгнэлт, тогтоолын үндэслэл, түүний шинжлэх ухааны гаргалгаа, онол, практикын ач холбогдол өндөрсөж, тэр хэмжээгээр цэцийн шийдвэрийн хууль зүйн үр нөлөө, ач холбогдол нэмэгдэх боломжтой байна.

Тиймээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хууль зүйн үр нөлөөг дээшлүүлэх үүднээс 1/ өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд тохирсон тусгай журамтай болох, 2/ хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дунд болон их суудлын хуралдааны шийдвэрийн үндэслэл боловсруулах хугацааг тусгайлан тогтоох; 3/ Цэцийн аль нэг гишүүний санаачилагаар Цэц хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах тохиолдолд түүнд тохирсон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмыг хуульчлан тогтоох шаардлагатай гэж үзлээ.

Ашигласан эх сурвалж:

  1. Монгол Улсын Үндсэн хууль, 1992 он;
  2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, 1997 он;
  3. Г.Совд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиудын тайлбар, Улаанбаатар хот, 1999 он;
  4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал (онол, арга зүй, хэрэгжилт), Улаанбаатар хот, 2017 он;
  5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (2017), Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл: Тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв, Улаанбаатар хот, 2017 он;
  6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Ханнс-Зайделийн сан, Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага (ОУЭШБХ-ын илтгэлийн эмхтгэл), Улаанбаатар хот, 2012 он;
  7. П.Очирбат, Монгол Улсын Үндсэн хууль (хэрэгжилт, хяналт, судалгаа), Улаанбаатар хот, 2017 он;
  8. Н.Жанцан, Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 3 дугаар их хуралд хэлэлцүүлсэн илтгэл, 2017 он;
  9. Доктор Д.Сугар, “Өмчийн харилцааны Үндсэн хуулийн зохицуулалт” сэдэвт өгүүлэл, Улаанбаатар хот, 2016 он;
  10. Арне Мавчич, Орч: Г.Баясгалан, Д.Одбаяр, Д.Сугар, Үндсэн хуулийн хяналт, Улаанбаатар хот, 2014 он;
  11. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхтгэл, V, VI боть, Улаанбаатар хот, 2017 он;
  12. Шихихутаг Хууль зүйн дээд сургууль, Монгол Улсын эрх зүйн шинэчлэл, Ази-Номхон далайн орнуудын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хот, 2011 он.

–оОо–

[1] Г.Совд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиудын тайлбар, 1999 он, 19 дэх тал.

[2] П.Очирбат, Монгол Улсын Үндсэн хууль /хэрэгжилт, хяналт, судалгаа/, 2017 он, УБ хот, 361-362 дахь тал.

[3] Проф. Н.Жанцан, Бүгд Найрамдах Индонези Улсын  Бали хотноо 2016 оны 8 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн /AACC/ 3 дугаар Их хуралд танилцуулсан “Иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхээс хамгаалах ажиллагааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт илтгэлээс.

[4] Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Ханнс-Зайделийн сан, “Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага” ОУЭШБХ-ын илтгэлийн эмхтгэл, Улаанбаатар хот, 2012 он, 152-161 дэх тал.

[5] Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг.

[6] Мөн тэнд.

[7] Мөн тэнд.

[8] Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль /1997/-ийн 24 дүгээр зүйлийн 4 хэсэг, мөн хуулийн 14 дүгээр зүйл.

[9]Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль /1997/-ийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг.

[10] Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай.

[11] Доктор профессор Ц.Сарантуяа Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр нөлөөг дээшлүүлэх нь сэдэвт илтгэлдээ: “Эрүүгийн эрх зүйн хувьд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр ялтанд ашигтай тохиолдолд буцаж үйлчлэх шаардлагатай болохыг Венецийн комисс санал болгожээ. ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн тухай хуульд зааснаар эрүүгийн эрх зүйн холбогдох хэм хэмжээ хүчингүй байсан нь тогтоогдвол шүүхийн ял шийтгэл оногдуулсан хүчин төгөлдөр тогтоол гарсан хэдий ч хэргийг дахин хянаж үзэх боломжтой болдог …” хэмээн бичсэн байна., Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, Ханнс-Зайделийн сан, “Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага” (ОУЭШБХ-ын илтгэлийн эмхтгэл), Улаанбаатар хот, 2012 он, 152-161 дэх тал.

[12] Доктор Д.Сугар, Өмчийн харилцааны Үндсэн хуулийн зохицуулалт; Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал (онол, арга зүй, хэрэгжилт), 2017он, УБ хот, 236-266.

[13] Доктор, профессор Н.Жанцан, Үндсэн хуулийн цэц ба Үндсэн хуульт ёсны төлөвшил – илтгэл, Үндсэн хуульт ёсны төлөвшил, ОУЭШБХ-ын илтгэлийн эмхтгэл, 2012 он, УБ хот, 27-35 дахь тал.

[14] Словенийн эрдэмтэн, Доктор, профессор Арне Мавчич: “Шаардлагатай бол Үндсэн хуулийн шүүх нь өөрийн шийдвэртээ ямар этгээд түүнийг биелүүлэх, ямар хэлбэрээр биелүүлэхийг тусгайлан зааж болно. Үндсэн хуулийн шүүх нь өөрийн шийдвэрээр нийтээр дагаж мөрдөх актын үйлчлэлийг зогсоосон бол дагалдан гарах нэг удаагийн актыг биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөн адил шийдвэрлэж болно.

Маргаж буй нэг удаагийн актыг Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр орлуулахыг эрх бүхий этгээд гүйцэтгэх бөгөөд ийм эрх бүхий этгээд хууль тогтоомж, дүрэм, журамд заагдаагүй бол Үндсэн хуулийн шүүх тийм этгээдийг нэрлэн зааж болно” хэмээн өөрийн бүтээлдээ бичжээ.,  Орч: Г.Баясгалан, Д.Одбаяр, Д.Сугар, Үндсэн хуулийн хяналт, Улаанбаатар хот, 2014 он, 75 дахь тал.