Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг өнөөдөр, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 2000 онд Казахстан Улсад айлчлах үеэр Үндсэн хуулийн шүүхийн Зөвлөлтэй харилцаа, холбоо тогтоож улмаар манай хоёр улсын Үндсэн хуулийн шүүхүүд олон жилийн сайхан харилцаатай явж ирсэн билээ. Ийнхүү харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх сонирхолтой байгаа”-гаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат илэрхийллээ.

Мөн тэрбээр цааш нь, “БНКазУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Зөвлөлийн дарга К.А.Мами Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн даргалагчаар ажиллаж байгаад  баяртай байгаагийн сацуу түүнийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Энэ чиглэлээрх хамтын ажиллагаа манай оронд Үндсэн хуулийн хяналтын тогтолцоог улам хөгжүүлэх, боловсронгуй болгоход их ач холбогдолтой юм. Мөн Казахстан Улсыг энэ нийгэмлэгийн даргалагч байх хугацаандаа тус нийгэмлэгийн үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажилтай танилцах, туршлага солилцох сонирхол бидэнд их байна. Учир нь Казахстан Улсын дараа Монгол Улс энэхүү Азийн нийгэмлэгийн даргалагчийн үүргийг хүлээж авах урьдчилсан шийдвэр гарсан байгаа“ гэдгийг онцлон тэмдэглэв.

Элчин сайд хариу хэлсэн үгэндээ, “2020 оны 8 дугаар сард  Казахстан Улсын Нур-Султан хотод Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн бага хурал хийхээр товлосон байгаа” гэдгийг дурдаад “энэ арга хэмжээний үеэр оролцогч улсууд харилцан уулзаж санал солилцох, туршлага хуваалцах сайхан боломжтой бөгөөд ирэх жил энэ нийгэмлэгийг даргалах улсын хувьд энэ арга хэмжээнд оролцоно гэж найдаж байна. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргатай уулзсан талаар БНКазУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Зөвлөлийн дарга К.А.Мамид захидлаар танилцуулна.” гэдгээ хэллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Казахстан Улсын Нур-Султан хотод Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн бага хуралд оролцох их сонирхолтой байна.

 Үүнээс өмнө нийгэмлэгийг даргалж буй Казахстан улсын Үндсэн хуулийн шүүхийн Зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах айлчлал хийх, цаашдаа хоёр улсын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн талаар  эрдэм шинжилгээ, судалгааны ажил  хийх нь хоёр орны Үндсэн хуулийн шүүхийн эрх зүйн онолын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Түүнээс гадна Тамгын газар хоорондын  хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний дотор мэдээлэл солилцооны   байнгын,  тогтвортой механизм бий болгохын төлөө байна” гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат БНКазУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Зөвлөлийн дарга К.А.Мамид мэндчилгээг нь уламжлахыг ноён Элчин сайдаас хүслээ.

Uncategorized