Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хүний эрхийн үүднээс авч үзэх нь

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Халиунаа, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунжаргал

Түлхүүр үг: Эрүүгийн хууль, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа

Товч агуулга: Энэхүү өгүүллээр “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа”-г Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хэрхэн тусгасан, уг зохицуулалтыг  хэрэгжүүлэх явцад учирч буй хүндрэлтэй асуудлыг тодорхойлох, хуулийн зохицуулалт хүний эрхэд хэрхэн нөлөөлж буйг судлан, хуулийг цаашид боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорив.

Оршил

Эрүүгийн хууль хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой хууль юм. Энэ ч утгаараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал нь хүний эрхийг хамгийн ихээр хязгаарладаг хариуцлагын хэлбэр билээ. Хүн бүр тэгш эрхтэй ч эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэн хуулийн дагуу хариуцлага хүлээж буй этгээдийн эрхийг хуулиар хязгаарлах нь зүйн хэрэг. Нөгөөтээгүүр хүний эрх, эрх чөлөөг хамгийн ихээр хязгаарладаг Эрүүгийн хууль нь эрх зүйн хэм хэмжээний хийдэлтэй байвал энэ нь эргээд нийгэмд сөрөг үр дагаврыг бий болгож, хүний эрхийг хязгаарлах гол хэрэглүүр болж хувирахыг ч үгүйсгэх аргагүй юм.

Хууль бол шударга ёсыг тогтоох хэрэгсэл гэтэл эсрэгээрээ шударга бус зүйлийг бий болгох эх уурхай болж болохгүй  гэдгийг санах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний суурь эрх, халдашгүй байдлыг илүү баталгаажуулсан, олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн урт хугацаанд тогтвортой үйлчлэх хуулийг батлан гаргах зүй ёсны шаардлага бий болж[1]  улмаар Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 12  дугаар сарын 3-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон билээ.

Уг хуульд эрх зүйн шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэн, хуучин хуулийн эрх зүйн хэм хэмжээний хийдлийг арилгахад чиглэгдсэн олон зүйл, заалтууд шинээр тусгагдсан хэдий ч зарим зүйл, заалтуудын хувьд хүний эрхийг зөрчин, хэрхэн хэрэглэх нь эргэлзээтэй байдлыг үүсгэсээр байна. Эдгээр тулгамдсан асуудлыг тоймлон авч үзвэл 1/ Хөөн хэлэлцэх хугацаа тооцох зохицуулалт; 2/ Гэм буруугийн хэлбэр; 3/ Гэмт үйлдлийн улмаас учирсан гэм хор, хохирол, хор уршгийг тогтоох зохицуулалт; 4/ Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг хорих ялаар солих зохицуулалт; 5/ Эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт зэрэг болно. Энэхүү сэдвийн хүрээнд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтын эргэлзээтэй асуудлыг тусгайлан авч үзэв.

Үндсэн хэсэг

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн ангиллаас /хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд/ нь хамааруулан тоолдог байсныг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар өөрчлөн ялын доод болон ялын дээд хэмжээнээс хамааруулан ялгамжтай байдлаар тоолохоор зохицуулсан нь эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нэлээдгүй ахиц дэвшлийг авчирсан нь сайшаалтай хэдий ч зарим гэмт хэргүүд дээр гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь ойлгомжгүй байдлаар хуульчлагджээ.

Шинэ батлагдсан Эрүүгийн хуульд 209 төрлийн гэмт хэрэг хуульчлагдсанаас 83[2] энэ юу вэ гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь эргэлзээтэй, ойлгомжгүй байдлыг үүсгээд байна.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа”-г хуульчлан өгсөн. Тодруулбал,  

Хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт[3] “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:

1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж хуульчилснаас үзвэл, энэхүү зохицуулалт нь эрх зүйн хэм хэмжээний хийдлийг бий болгосон хэмээн үзэж болохоор байна.

Эрүүгийн хуульд хорих, зорчих эрхийг хязгаарлах, торгох, эрх хасах, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн 5 төрлийн ялыг оногдуулахаар тусгаснаас эрх хасах ял нь нэмэгдэл ял бусад нь үндсэн ял.[4] Гэтэл хууль тогтоогч хорих болон зорчих эрхийг хязгаарлах гэсэн 2 төрлийн ялтай гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульчлан өгчээ.

Практикт хамгийн түгээмэл гардаг “Хулгайлах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын доод хэмжээ нь 6 сар, ялын дээд хэмжээ нь 5 жил. Прокурор тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэлд 1 жилээс дээш хэмжээгээр хорих ял оногдуулах саналтай тохиолдолд 5 жилийн хугацаагаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай ч түүнд ашигтай байдлаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 1 жилээр яагаад тоолж болохгүй гэж хэмээн гомдол гаргах боломжтой. Тэгвэл дээрх тохиолдолд хэнийх нь зөв бэ?

Энэ асуулт нь зангилаатсан утас шиг тайлагдахад бэрх хариултыг өөртөө агуулж байна.

Энэ мэтчилэн эргэлзээтэй, хийдэлтэй зохицуулалтын улмаас хүний эрхийг ноцтойгоор зөрчих нь хуулийн зорилго, ач холбогдлыг алдагдуулж буй явдал юм. Иймд дараах асуудлыг сэдвийн хүрээнд дэвшүүлж байна.

Асуудал 1.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дараах хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялтай гэмт хэргүүдийн хувьд ялын хэмжээгээр хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох  вэ? гэсэн асуудал урган гарч ирж байна. Үүнд:

Д/д Зүйл, заалт Ялын доод хэмжээ Ялын дээд хэмжээ
1. 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
2. 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
3. 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
4. 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь заалт 6 сар 3 жил
5. 11.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалт 6 сар 2 жил
6. 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 2 жил
7. 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь заалт 6 сар 3 жил
8. 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 2 жил
9.       13.5 дугаар зүйлийн 2.2 дахь заалт 3 сар 2 жил
10. 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 6 сар 2 жил
11. 15.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 6 сар 3 жил
12. 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 5 жил
13. 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 5 жил
14. 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
15. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
16. 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 6 сар 2 жил
17. 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 6 сар 2 жил
18. 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 5 жил
19. 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
20. 18.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт 6 сар 3 жил
21. 18.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 2 жил
22. 18.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 2 жил
23. 18.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
24. 18.16 дугаар зүйлийн 2.2 дахь заалт 6 сар 3 жил
25. 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
26. 19.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
27. 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 2 жил
28. 19.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
29. 19.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 6 сар 3 жил
30. 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
31. 19.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 2 жил
32. 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
33. 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 2 жил
34. 21.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 6 сар 3 жил
35. 21.11 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг 6 сар 3 жил
36. 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
37. 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг 6 сар 3 жил
38. 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
39. 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
40. 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
41. 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
42. 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
43. 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 6 сар 3 жил
44. 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
45. 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 6 сар 2 жил
46. 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 6 сар 3 жил
47. 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
48. 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
49. 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 3 жил
50. 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 2 жил
51. 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 2 жил
52. 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалт 6 сар 3 жил
53. 28.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 6 сар 2 жил

Дээрх хүснэгтээс харвал хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ нь 3 сараас эхлэх бөгөөд харин ялын дээд хэмжээ нь 5 жил хүртэл байна. Гэтэл хуульд тусгаснаар хорих ялын доод хэмжээ нь 1 жил, дээд хэмжээг нь 8 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар хуульчилсан боловч дээрх гэмт хэргүүдийн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ 3 сараас эхэлж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалт нь хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ болох 1 жилд хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл,  хорих ялын доод хэмжээ нь 1 жил хүрэхгүй байгаа учраас энэхүү заалтаар хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь ойлгомжгүй байна.

Мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг 1 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 1 жил байхаар тогтоосон. Гэтэл  зарим гэмт хэргийн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ 3 эсхүл 6 сараас эхэлж байгаа ч ялын дээд хэмжээ нь 5 хүртэл  жил байгаа нь гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 1 болон 5 жилийн аль хугацаагаар тоолох нь эргэлзээтэй байдлыг бий болгож байгаа юм.

Жишээ нь, Иргэн “С”  нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн. Энэхүү гэмт хэргийн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ 6 сар харин дээд хэмжээ нь 3 жил. Тэгвэл гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох вэ? гэсэн асуудал гарч байна.

Хувилбар 1. Хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ 6 сар учир Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 1 жилээр тоолно.

Хувилбар 2. Хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээ 3 жил учир Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тоолно. Гэсэн 2 үзүүртэй утас шиг хариултыг бий болгож байна.

Гэтэл дээрх хоёр хувилбарын алийг нь ч сонгон хэрэглэж болохгүй байдал бий болж байна. Эрүүгийн хуулийн бусад хуулиас ялгаатай нь хууль ёсны зарчим буюу “Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэж болохгүй”. Өөрөөр хэлбэл, “А” биш бол “Б” байж болох юм гэсэн үг биш. “А” бол “А”, “Б” бол “Б” л байх ёстой.

Ийнхүү иргэн “С”-ийн үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь эргэлзээтэй байдалтай байснаар “С”-ийн эрх зөрчигдөхөөр байна.

Түүнчлэн,  Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад оногдуулах хорих ялын доод хэмжээг 3 сар байхаар хуульчилж өгсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “… 6 сараас 20 жил хүртэл хугацаагаар …. хорих ялыг эдлүүлнэ” гэж заасантай зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 13.5 дугаар зүйлийн 2.2 дахь заалт нь алдаатай заалт болж байна.

Асуудал 2.

Эрүүгийн хуульд зааснаар хорих ялгүй, харин зорчих эрхийг хязгаарлах ялтай нийт 48 хэрэг байгаагаас хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь эргэлзээтэй нэг хэрэг байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг юм.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөхөөр “түдгэлзүүлсэн”[5] байх тул хорихоос бусад сонгох ялтай гэмт хэргийн хувьд мөн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй болох нь. Тэгвэл хорих ялгүй, зорчих эрхийг хязгаарлах ялтай дээрх хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох вэ?  гэдэг нь бас нэг том асуудал.

Асуудал 3.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй”  хэмээн хуульчилж өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэмт хэргүүд:

  1. 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг;
  2. 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг;
  3. 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг;
  4. 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг,
  5. 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг;
  6. 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;
  7. 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг;
  8. 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг;
  9. 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;
  10. 1 дүгээр бүлгийн гэмт хэргүүд.

Нийт 5 бүлгийн 19 гэмт хэрэгт  гэмт хэргийг хөөн хэлэлцэх  хугацаа тоолохгүй. Үүнээс 14 гэмт хэрэг нь бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан, 5 гэмт хэрэг нь бүх насаар  хорих ял оногдуулахаар заагаагүй ч 29 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар хуульчилж өгсөн байна.

Дээрхээс дүгнэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохоор байна. Тэгвэл зөвхөн торгох ял оногдуулахаар хуульчилсан заалтуудад хэрхэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь мөн л тодорхойгүй. Хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар хуулийн зохицуулалт байхгүй гэмт хэргүүд:

  1. 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг;
  2. 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг;
  3. 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг;
  4. 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг;
  5. 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг;
  6. 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг;
  7. 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг;
  8. 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг;
  9. 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг;
  10. 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг;
  11. 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг;
  12. 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг;
  13. 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг;
  14. 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг;
  15. 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг;
  16. 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;
  17. 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг;
  18. 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг;
  19. 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг;
  20. 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг;
  21. 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг;
  22. 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг;
  23. 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг;
  24. 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг;
  25. 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг;
  26. 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг;
  27. 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг;
  28. 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг;
  29. 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг;
  30. 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг.

Дээрхээс дүгнэхэд, Эрүүгийн хуулийн 6 бүлгийн 28 зүйл, заалтад зөвхөн торгох ял оногдуулахаар заасан байна. Харин хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах зохицуулалт бүхий гэмт хэрэгт тоолж болохоор хуульчилж өгсөн учир торгох ял[6] оногдуулахаар заасан хэргүүдэд хэрхэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь ойлгомжгүй үлджээ.

Асуудал 4.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.” гэж[7] заасан атал Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”[8] гэж заасан нь өөр хоорондоо зөрүүтэй байна.

Эрүүгийн хуульд заасан дээрх зохицуулалтаас Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт нь илүү гэмт /зөрчил/ хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг чангатгасан гэж үзэж болохоор байна.

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл харин Эрүүгийн хуулиар “…гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр болох хүртэл” ялгамжтай байдлаар тоолж байгаа нь хууль хоорондын уялдаа холбоог алдагдуулж байна.

Түүнчлэн, Эрүүгийн хууль нь хүний эрхийг хамгийн ихээр хязгаарладаг хууль болохынхоо хувьд Зөрчлийн тухай хуулиас илүү өндөр санкцтай ялын бодлогын хувьд ч илүү чанга байдаг. Гэтэл зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтаас илүү хатуу байгаа нь хэр зохистой вэ? Уялдаа холбоо бүхий хуулиудын хоорондын ойлголт өөр хоорондоо зөрүүтэй байх нь зөв үү? гэх мэт олон асуултыг ар араасаа дагуулж байна.

Жишээ 1. “А” нь 2017 оны  7 дугаар сард БНСУ-д очиж ажиллахаар виз хөөцөлдөж эхэлсэн бөгөөд түүний танил “Р” нь түүнд  6 сарын хугацаанд БНСУ-ын виз найдвартай гаргаж өгнө. Үүний тулд 10 сая төгрөг бэлнээр өгөх хэрэгтэй хэмээн хэлж улмаар холбоо барилгүй алга болсон байна. Ийнхүү “А” цагдаагийн байгууллага энэ үйл явдал болсноос 10 сарын дараа хандаж, гомдол гаргасан байна. Улмаар “Р”-ийг гомдол гаргаснаас 14 хоногийн дараа олж илрүүлэн мэдүүлэг авч, нотлох баримтыг цуглуулж эхэлсэн бөгөөд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн. Шүүх хуралдаан болоход шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөө орон нутагт явна гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр шүүх хуралдаан болж, “Р”-ийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуульд гэмт хэргийГ хөөн хэлэлцэх хугацааг “…гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан учир прокурор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүх рүү яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн хэдий ч анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө гэмт хэргийГ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл болж байна.

Жишээ 2. Иргэн “С” нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Өргөө 2 кинотеатраас гарч явахдаа I phone 6 маркийн гар утсаа алдсан бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол гарган эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд 290.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд хулгай хийсэн “Х”-г 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн ахмад “А” олж илрүүлсэн. Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 2 дугаар сарын 20-ний өдөр шүүх хэргийг хянан хэлэлцээд “Х”-д 14 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Энэ тохиолдолд зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үед дууссан байсан хэдий  ч зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тус хуульд зааснаар зөрчил үйлдсэн өдрөөс зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолж байгаа учир зөрчил үйлдсэн “Х”-д шийтгэл оногдуулах боломжтой байна.

Дээрх хоёр жишээнээс харвал, хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудал Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд эрс ялгаатай байдлаар зохицуулагджээ. Гэтэл анх 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно. Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно” гэж одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалттай адил байдлаар хуульчилсан байсныг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Иймд дээрх асуудлыг дахин судлан үзэж Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Дүгнэлт

 Бидний дагаж мөрдөж буй Эрүүгийн хуульд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудал төдийгүй өөр бусад хэд хэдэн эрх зүйн хэм хэмжээний хийдэлтэй зохицуулалтууд байгааг хэлэх нь зүйтэй. Эрүүгийн хуульд заасан эрх зүйн хэмжээний хийдэлтэй, хүний эрхийг хамгийн ихээр зөрчих заалт нь гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудал хэмээн үзэж байна. Тиймдээ ч бусад эрх зүйн хэм хэмжээний хийдэлтэй зохицуулалтаас гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг сонгон авч судалсан болно.

Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны тухайд зөвхөн торгох ялтай буюу хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолох нь орхигдсон нь нэлээд том алдаа болсноос гадна гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн зохицуулалт нь Зөрчлийн тухай хуульд тусгасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаанаас харьцангуй сул зохицуулалт болсон гэж үзэж болохоор байна.

Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Гэтэл гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудал нь дээр дурдсанчлан эргэлзээтэй байдлыг бий болгож байгаа тохиолдолд хуулийг буруу хэрэглэх нөхцөл үүсч болзошгүй юм. Иймд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны талаарх Эрүүгийн хууль дахь зохицуулалтыг боловсронгуй болгон, зөв гольдролд нь оруулах нь зүйтэй.

Одоогоор практикт шинэ Эрүүгийн хууль хэрэгжээд  жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох тухай асуудал тулгамдаж буйг хэлэхэд илүүдэхгүй биз.

Тиймээс Эрүүгийн хуулийн энэхүү асуудал практикт ихээхэн маргаан дагуулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчих аюулын харанга дэлдэж байхад хууль тогтоогч болон хууль хэрэгжүүлэгчид зүгээр хараад суух нь хуулийг завхруулах үндэс суурийг тавьж өгөх тул үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг өөрчлөн, найруулах шаардлагатай.

Санал

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгосноор хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоо бүрдэнэ. Үүний тулд:

  1. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанараас хамааруулан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд ялгамжтайгаар нарийвчлан зохицуулах.[9]
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээ 3 сар гэснийг өөрчлөх.
  3. Торгох ял оногдуулахаар заасан хэргүүдэд ялын хэмжээнээс хамааруулан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байхаар хуульчлах. Өөрөөр хэлбэл, өмнө дурдсан зөвхөн торгох ял оногдуулахаар хуульчилсан хуулийн заалтуудад торгох ялын доод хэмжээг 10.000, ялын дээд хэмжээг 400.000 нэгж хүртэл байхаар хуульчилсан байх тул гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг торгох ялын хэмжээнээс хамааруулан ялгамжтай тоолохоор хуульчлах.
  4. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх хугацаа түр хойшилсонтой холбогдуулан тус хугацаанд тухайн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хорих ялын хөөн хэлэлцэх хугацаатай ижил тоолох уу? ялгаатай тоолох уу? гэдгийг нэг мөр болгох.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалттай уялдуулах шаардлагатай.

— оОо —

[1] Эрүүгийн хуулийн төслийн үзэл баримтлал, ХЗЯ, УБ., 2013 он.

[2] Дэлгэрэнгүйг тус өгүүллийн асуудал 1 болон 3 дахь хэсгээс үзнэ үү.

[3] Төрийн мэдээлэл эмхэтгэл, (2016), №7

[4] Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг хуульчилсан.

[5] Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/11950

[6] Зөвхөн торгох ялтай гэмт хэргүүдийн хувьд 10.000-80.000, 20.000-100.000, 20.000-120.000, 40.000-200.000, 120.000-400.000, 200.000-400.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулахаар хуульчилсан байна.

[7] Зөрчил үйлдсэнээс хойш, хуулиар тухайн зөрчилд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээнээс хамааран тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар хууль тогтоогчоос тогтоож өгсөн зохицуулалт юм.

[8] 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно. Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.” гэж хуульчилсан байсныг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан.

[9] 2015 онд өргөн баригдсан хуулийн төслийн хувьд гэмт хэргийн ялын доод хэмжээг тогтоолгүйгээр дээд хэмжээнээс хамааруулан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор бичигдэж байсан нь эрх зүйн хэм хэмжээний хийдлийг арилгах нэг гарц байсан гэж үзэж болно.