УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ

           Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд холбогдох дүгнэлт гаргасан билээ. 

Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн байна. Дүгнэлтийг  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо нэгдсэн хуралдаанд танилцуулав.

              Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн юм.

Харин Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад “хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.”, Далдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний өдрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэсэн билээ.

             Цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзсэн байна.

Чуулганы хуралдааны үеэр Цэцийн дүгнэлт болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталжээ.