Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хандаж хүсэлт гаргалаа

       Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарим хууль болон хуулийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд хандаж өнөөдөр /2021-02-10/ гаргалаа.

        Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ болон Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсан найруулга/-ийн зарим зүйл, хэсэг, заалт Үндсэн хуульд нийцээгүй, түүний холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулахыг хүссэн байна.
       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хүсэлтийг нь хүлээн аваад хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээр анх удаа ирж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тодорхой таван субьект бий. Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын дээд шүүх, Монгол Улсын ерөнхий прокурор Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргадаг. Өнгөрсөн гучаад жилийн хугацаанд энэ таван субьектээс 16-17 хүсэлт ирсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандаж урьд нь хоёр удаа хүсэлт ирүүлж байсан” гэдгийг дурдлаа.
       Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандаж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг шууд үүсгэж шалгах хуулийн зохицуулалттай юм.