Д.Гангабаатар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо

      Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2021-10-7/-ийн нэгдсэн хуралдаанаас  Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль,  Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улсын дээд шүүхээс санал болгосон Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсонтой нь холбогдуулан Д.Гангабаатарыг  хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

        Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга түүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний энгэрийн тэмдгийг гардуулаад  үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдаж ажиллахыг хүсэн ерөөв.

       Дашбалбарын Гангабаатар нь 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай. 1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн байна. 2003-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн  магистр, 2008-2011 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн  докторын зэрэг тус тус хамгаалжээ.  Профессор цолтой, англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй ажээ.

       Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессороор ажиллажээ. 2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн  Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байсан байна.

      Д.Гангабаатар нь Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, ном, илтгэлийн эмхэтгэл, гарын авлагыг 24-ийг дангаар болон хамтран хэвлүүлсэн байна. Англи болон монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүллийг 20 удаа дангаар болон хамтран нийтлүүлжээ.

Uncategorized