Цахим уулзалт хийх санал ирүүллээ

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Цай Вэньруйг өнөөдөр /2021-10-29/ хүлээн авч уулзах үеэр хоёр талын харилцааны хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хороотой  хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж  буйд талархаж байгаагаа илэрхийллээ.

       БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль  зүйн хорооны дарга Ли Фэй энэ оны 12 дугаар сард цахим уулзалт хийх санал ирүүлсэнд баяртай байна. Энэ нь хоёр байгууллагын  харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын хэлбэрийг тодорхойлох, үр нөлөөг нь дээшлүүлэхэд маш чухал ач холбогдолтой бөгөөд амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа онцлон тэмдэглэв.

       Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат шинэ Үндсэн хууль баталсны, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ой ирэх онд тохиож байгааг мөн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн  нийгэмлэгийг 2021-2023 онд даргалах болсон тухай Элчин сайдад дуулгалаа.

      Элчин сайд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийг сахин хамгаалах, улс төрийн амьдралд ялангуяа Монгол Улсад хуулийг дээдэлсэн нийгмийг цогцлон байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа”-г өндөр үнэллээ.

      Тэрээр цааш нь, Хятадын тал  БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хороо, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн  найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ нотоллоо.