Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт албан ёсоор баталгаажив

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа 02 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон билээ.

Үндсэн хууль, бусад хуулиар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв, бурууг шүүх эрхтэй субъект нэгэнт байхгүй тул төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх, хууль тогтоох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал 2022 оны ээлжит бус чуулганы 8 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй буюу 98.4 хувийн саналаар дээрх өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан билээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр биечлэн танилцуулж, Ерөнхийлөгч уг өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан юм. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.13-т заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн байна. Ингэснээр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт албан ёсоор баталгаажжээ.          

 /эх сурвалж: Parliament.mn/  

Uncategorized