“Үндсэн хуулийг дээдлэх ёсны индекс” нэвтрүүлэхийг санал болгожээ

Бүгд Найрамдах Индонез Улсад зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн Бага Хурлын 5 дугаар Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Тус Их Хурлын үеэр зохиогдсон Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн салбар хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, гишүүн байгууллагуудын төлөөлөгчид улс орны төр, засаг Үндсэн хуулийг дагаж мөрдөж байгаа эсэхэд үнэлгээ өгөх механизм байгуулах, Дэлхийн Бага Хурлын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Удирдах товчоонд нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэжээ.

Гишүүн орнуудын Үндсэн хуулийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх зорилгоор Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхээс “Үндсэн хуулийг дээдлэх ёсны индекс” нэвтрүүлэхийг санал болгож, танилцуулга хийв. Тус индекс нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн хамгаалалт, ардчилал, нийгмийн шударга ёс, маргаан шийдвэрлэлт зэрэг цогц үзүүлэлтээр Үндсэн хуулийн хэрэгжилтийг хэмждэг аж. Тиймээс энэхүү индекс нь Үндсэн хууль бол төр, засгаас дагаж мөрдөх ёстой улсын дээд хууль мөн гэдгийг баталгаажуулах арга зам хэмээн үзэж буйгаа Индонез Улсын Үндсэн хуулийн шүүх танилцуулгадаа илэрхийллээ.

Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн Бага Хурал нь Ази, Африк, Америк, Австрали, Европын 119 Үндсэн хуулийн шүүх, зөвлөл, дээд шүүхүүдийг нэгтгэдэг ба ардчилал, хүний ​​эрхийг хамгаалах, хууль дээдлэх ёсны үндсэн элемент болох Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг дэмждэг юм. Энэ удаагийн 5 дугаар Их Хуралд 95 улс, олон улсын дөрвөн байгууллагаас нийт 530 гаруй төлөөлөгчид оролцжээ.