11 дүгээр сарын 26-ны өдөр бол Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр

       Тэртээх 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Ийнхүү Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа батлаад хэдийн 98 жилийг ардаа үлдээжээ. Энэхүү үйл явдал нь манай улсыг Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болгосон байна.

        Түүхийг нэхэн дурсвал анхны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргаж,  тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ. Улмаар 1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино" хэмээн заасан байдаг. Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

         Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэл хүрээнд эхэлж,  Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон Ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ. Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дүгээр сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ.

        Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээсэн байна.

      Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг. Он цаг, нийгмийн хөгжлөө дагаад Монгол Улс Үндсэн хуулиа 4 удаа өөрчилсөн боловч анхдугаар Үндсэн хуульд “.. улсын дээд эрхийг ардад эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа юм.

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг билээ.