Индонезийн Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид манай оронд айлчиллаа

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийг төлөөлж манай оронд айлчилж буй тус улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Манахан М.П.Ситомпул тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2022-11-28/ хүлээн авч уулзлаа.

         Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эртний түүхтэй бөгөөд энэ уламжлалыг үргэлжлүүлэх нь  Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааны гол чиглэл байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

     Үндсэн хуулийн шүүх түүнтэй адилтгах байгууллагын Азийн нийгэмлэгийг даргалж буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн  төлөөлөгчид өнгөрсөн 10 дугаар сард Индонезийн Бали арал дээр болсон Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн Бага хурлын 5 дугаар Их хуралд оролцсон нь, мөн энэ үеэр Индонезийн Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий шүүгчтэй  хоёр талын уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон нь хамтын ажиллагааны үргэлжлэл  болсон  гэдгийг онцлон тэмдэглэв.

         Цаашид  Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо, хөгжлийн асуудлаар  онол, танин мэдэхүйн болон арга зүйн хувьд байнга мэдээлэл  харилцан солилцох, Тамгын газрын ажилтнуудаа харилцан солилцож  сургах, ажиллуулах боломжтой гэдгээ дурдлаа.

      Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалж буйн хувьд Нийгэмлэгийн  5 дугаар Их хурлыг амжилттай зохион байгуулахад  Индонези Улсын Үндсэн хуулийн шүүх, түүний дэргэдэх Нийгэмлэгийн төлөвлөлт, зохицуулалтын нарийн бичгийн дарга нарын газар үр дүнтэй хамтран ажилласан.  Ирэх онд болох Үндсэн хуулийн шүүх түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурлыг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат мэндчилгээг нь Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий шүүгчид уламжилж өгөхийг төлөөлөгчдийн тэргүүнээс хүслээ.

         Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Манахан М.П. Ситомпул хоёр орны Үндсэн хуулийн шүүхийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байна гээд Үндсэн хуулийн шүүх,түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдгээ тэмдэглэв.

Ийнхүү айлчлал Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийн манай оронд хийж буй анхны айлчлал билээ.

          Төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Д.Зүмбэрэлхам, Шүүхийн сахилгын Хорооны гишүүд, МУИС-ын Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Мөнхсайхан нар 2022 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд тус тус хүлээн авч уулзав. Дээрх зарим уулзалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нар байлцав.

         Мөн Төлөөлөгчдийн тэргүүн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад зориулж “Иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалахад Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн үүрэг” сэдвээр лекц уншив.