Үндсэн хуулийн төслийг баталсан БНМАУ-ын Ардын Их Хурлын II хуралдааны тухай зарим тоо баримт

  • Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж баталсан БНМАУ-ын Ардын Их Хурлын II хуралдаан 1991 оны 11 дүгээр сарын 11-нээс 1992 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хуралдсан билээ.Үндсэн хуулийн төслийг АИХ-ын 430-аад депутатууд нийт 76 хоног хэлэлцэж баталсан байна.

  • Түүний өмнө Их цааз /Үндсэн хууль/-ийн төслийг Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанаар гурван удаа хэлэлцжээ.
  • 1991 оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 1-ний хооронд Монгол Улсын Их цааз /Үндсэн хууль/-ын төслийг ард нийтээр хэлэлцүүлж байсан байна. Төслийг 7 мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, тэдгээрт 900 мянга гаруй хүн оролцож давхардсан тоогоор 200 мянга гаруй санал гаргасан ажээ.
  • Депутатууд тухайлбал, Ерөнхийлөгчийн эсвэл Парламентын засаглалттай байх, парламент нь нэг эсвэл хоёр танхимтай байх, 55, 76, 102, 120 гишүүнтэй тус тус байх эсэх, сүлд нь хуучнаараа эсвэл соёмботой, цагаан тугтай, морьтой, шонхортой байх, Үндсэн хуулийн нэрийг хуучнаар нь үлдээх үү эсвэл “Эх дархлал”, “Их засаг”, “Үндсэн хууль”,” Их цааз”, “Их хууль”, “Эх хууль” гэж нэрлэхээр тус тус санал хурааж байжээ.

  • Ерөнхийлөгчийн засаглалттай, 2 танхимтай парламент байх саналыг нам бусчуудын бүлэг, Хөдөө аж ахуйн хоршоодын бүлэг болон 10-аад аймгийн бүлгүүд дэмжиж байсан бол Парламентын засаглалттай байх саналыг улс төрийн намын бүлгүүд илүү дэмжиж байсан байна.

  • Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцыг  монголын хэвлэл, мэдээллийн 22 байгууллагын 115, гадаадын хэвлэл, мэдээллийн 11 байгууллагын 18 сэтгүүлчид  сурвалжилсан байна.
  • Үндсэн хуулийн төслийг батлах талаар санал хураахад АИХ-ын нэг депутат татгалзаж, хоёр депутат түдгэлзэж байсан байна.
  • БНМАУ-ын Ардын Их Хурал нь Үндсэн хууль батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, БНМАУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, БНМАУ-ын Бага Хурлыг сонгох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох зэрэг эрх, үүрэгтэй байжээ.

  • Ардын Их Хурлын хуралдааныг нийт депутатын далан таван хувиас доошгүй нь ирсэн бол хүчинтэйд тооцох, Үндсэн хууль түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хуралдаанд оролцсон депутатуудын гуравны хоёрын саналаар батлахаар хуульд заасан байв.
  • БНМАУ-ын АИХ-ын арван хоёр дахь удаагийн сонгуулиар сонгогдсон бүх депутатуудын 90,4 хувь буюу 381 нь дээд, 18 буюу 4.2 хувь нь тусгай дунд мэргэжлийн, 18 буюу 4.2 хувь нь ерөнхий боловсролын бүрэн ба бүрэн бус дунд, 5 буюу 1.8 хувь нь бага сургуулийн боловсролтой хүмүүс байжээ.

  • Депутатуудын дунд нэгдэлчин 120, үүнээс малчин 9, үйлдвэр, үйлчилгээний ажилтан 22, үүнээс ажилчин 6, төр, улс, нам, олон нийтийн байгууллагын албан хаагч 188, мэргэжлийн сэхээтэн 92 байжээ.
  • Депутатуудыг насны байдлаар авч үзвэл, 30 хүртэл насны залуучууд 28, 31-45 настай 176, 46-гаас дээш настай 218 байсан байна. Эмэгтэй депутат 9,санваартан 1 сонгогджээ.
  • Депутатад халх 333, казах 15, буриад 15, Дарьганга 10, дөрвөд 15, баяд 14, дархад 2, урианхай 5, захчин 7, өөлд 3, торгууд 2, барга 1 сонгогдож байсан байна.