Н.Чинбат: “Үе үеийн Элчин сайд нар онцгой ач холбогдол өгч хамтран ажиллаж ирсэн”

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гүг өнөөдөр /2023-3-6/  Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга “Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж үздэг. Түүний хөгжүүлэхэд   БНСУ-аас манай улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар онцгой ач холбогдол өгч хамтран ажиллаж ирсэн”-ийг онцлон тэмдэглэв.

Тэрээр цааш нь хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн жил болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Юү Намсок манай оронд албан ёсоор айлчилсан билээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга тэргүүтэй төлөөлөгчид энэ оны нэгдүгээр сард БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар тус улсад айлчилж  энэ үеэр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны хөгжилд шинэ шат, алхам болсон төдийгүй  хамтын ажиллагааны 30 жилийн түүхэн дэх ололт амжилтыг цаашид улам бүр хөгжүүлэх хүчин зүйл болж байна.

 Шүүх, шүүгчдийн хооронд харилцан туршлага, мэдээлэл солилцох, уулзалт хийх, хамтран ажиллах механизмыг тодорхойлох, шүүхүүдийн Тамгын газруудын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр бид хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд Тамгын газрын ажилтнууд харилцан мэдээлэл солилцох, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр  хамтран ажиллахаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөн боломж бий.” гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Манай хоёр шүүх хамтран Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг байгуулахыг санаачилж байсныг дурдаад өдгөө тус нийгэмлэгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц даргалж байгаа бөгөөд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх нийгэмлэгийн үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог.

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэргэд ажилладаг нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаа  маш амжилттай явагдаж байгааг тэмдэглэмээр байна.

  БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койка/-ын тусламжтайгаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  цахим шүүхийн тогтолцоо бий болгох төслийг  хэрэгжүүлж үр шимийг нь хүртээд явж байна. Төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь цаашдын хөгжлийн суурь болж өгч байгааг тэрээр дурдлаа.

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх  өндөр түвшний олон улсын симпозиумыг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Азийн нийгэмлэгийг даргалагч орны хувьд “Үндсэн хуулийн хяналтын хүрээнд хүний эрхийг хамгаалах нь ” сэдэвт олон улсын симпозиумыг энэ онд тус тус харилцан зохион байгуулах гэж байгаагаа Элчин сайдад дуулгалаа.

Ноён Элчин сайд  Ким Жун Гү хэлсэн үгэндээ, хоёр орны  хамтын ажиллагаа өндөр, дээд түвшинд түүний дотор Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэхийн сацуу Монгол Улсыг хамтын нийгэмлэгийн хүрээнд таниулан сурталчлах, эдийн засгийн хөгжлийг бий болгоход  идэвхтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.