Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.

Уг хуралдаанаас гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. …” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасан гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулсан.

 Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар дурдаад дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тул хүлээн аач хуулийн холбогдох заалтыг өөрчлөн найруулж, хууль хэрэглээний тал дээр маргаан үүсгэхгүй байх нь зүйтэй гэж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар уг хуулийн зохицуулалт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэлэлцэхтэй холбоотой асуудал биш, иргэдийн төлөөллийг хангах, нөхөн сонгууль явуулах боломжийг нээсэн зохицуулалт тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа иргэдийг төлөөлөх эрх бүхий этгээд гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан бол даруй шийдвэрлэх зохицуулалтыг хуульд тусгаж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хуулийн нэр томьёо хоёрдмол утга илэрхийлж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэсэн байх магадлалтай бөгөөд Үндсэн хуулийн суурь зарчмыг ямар ч тохиолдолд хэрэгжүүлдэг байх зохицуулалтыг тусгаж холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй хэмээн саналаа илэрхийлжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41,1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.’ гэж заасны “… 41.1.3, …" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгеад түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. …" гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дугээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн танилцуулсан бөгөөд тус байнгын хороо Хууль зүйн байнгын хороотой адил Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийг Иргэдийн хурлууд хэлэлцэн өөрчлөх тухай асуудал огт байхгүй. Шүүхийн шийдвэр бол эцсийнх. Нөгөө талдаа ард түмний сонголт бас эцсийн шийдвэр. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгч гэсэн ард түмний сонголтоор гарч ирсэн албан тушаалтнууд. Энэ хүмүүсийг сонгох шийдвэрийг ард түмэн гаргасан. Тийм ч учраас ард түмний сонголт эцсийн шийдвэр. Гэм буруугийн асуудлыг ИТХ шийдэхгүй. Энд мэдээж шүүхийн шийдвэр эцсийнх байна. Энэ шийдвэр гарсантай холбоотой ард түмний мандатыг хүчингүйд тооцох шийдвэрийг тухайн ард түмний төлөөллийн байгууллага өөрөө гаргадаг байх утга Үндсэн хуульд шингэсэн байгаа. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хэлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн УИХ-ын тогтоолыг баталлаа.

/эх сурвалж: Parliament.mn/