Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах

Үндсэн хуулийн цэцэд ямар тохиолдолд гомдол гаргах вэ:

Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаар гарсан Цэцийн гишүүний шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд өргөдөл, мэдээлэл гаргагч гомдол гаргана.
Уг гомдлыг Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана. Гомдлыг бодитойгоор шийдвэрлүүлэхийн тулд өргөдлийг урьдчилж шалгасан гишүүнийг бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнд оролцуулдаггүй. Бага суудлын хуралдаанаас гарсан магадлалаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тухай Цэцийн гишүүний тогтоолыг хүчингүй болсонд тооцох, эсхүл маргаан үүсгэхээс татгалзсан тогтоолыг үндэслэлгүй гэж үзэн маргаан үүсгэж шийдвэрлэнэ.

  Цэцийн бага суудлын хуралдаанд маргагч талуудыг оролцуулахгүй. Хэрэв маргаан үүсгэхээс татгалзсан гишүүний тогтоолыг эс зөвшөөрсөн гомдол гаргагч үндэслэлээ бага суудлын хуралдаанд өөрийн биеэр танилцуулах хүсэлт гаргавал хуралдаан болохоос өмнө маргааныг урьдчилан шалгаж буй Цэцийн гишүүн уулзаж хүсэлтийг нь сонсож болно.

Та гомдолдоо дараах зүйлийг тусгаарай:

  1. Өөрийн нэр, хаяг оршин суугаа газар, харилцах хэлбэр;
  2. Итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцох хүний нэр, хаяг, албан тушаал, бусад шаардлагатай мэдээлэл;
  3. Үндсэн хуулийн цэцийн гишүүний ямар тогтоолд гомдож байгаа талаар /тогтоолын огноо, дугаар/;
  4. Цэцийн гишүүний тогтоолыг эс зөвшөөрсөн үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоо;
  5. Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байгаа шаардлага;
  6. Хавсаргасан бичиг баримт болон холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, тодорхой хаяг.

Үндсэн хуулийн цэцийн  гомдол шийдвэрлэх хугацаа:

Үндсэн хуулийн цэцэд хангаж гаргасан гомдлыг Цэцийн гишүүн хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.

Тухайн гомдлыг шалгахад бусад байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах болон нэмэлт бусад ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай тохиолдолд Цэцийн дарга хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Үндсэн хуулийн цэцэд гомдол хүлээн авахаас татгалзах тохиолдол:

Тухайн хэрэг, маргаанд хэрэглэх хууль, түүний заалт Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхээс бусад тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан гомдолтой холбогдол бүхий хэрэг, маргаан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагад хянагдаж байгаа;

Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан гомдолтой холбогдол бүхий санал, өргөдөл, гомдол, хүсэлтийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эрх бүхий холбогдох бусад байгууллага албан тушаалтнаар шийдвэрлүүлэхээр гаргасан бол;

Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах ач холбогдолгүй тохиолдол:

Гомдол нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  шаардлагыг хангаагүй;

Гомдолд тавьсан шаардлага Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш;

Уг маргааны талаар Цэцийн урьд гарсан дүгнэлт, тогтоол хүчинтэй байгаа.