Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргах

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөлийн дагуу … хянан шийдвэрлэнэ.”

Иргэн та:
Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрх чөлөө хөндөгдөж байна гэж үзвэл мөн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийхээ нэрийн өмнөөс, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өргөдөл гаргаж болно. 

Та өргөдөлдөө дараах зүйлийг тусгаарай:

/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл/

  1. Өөрийн нэр, хаяг, оршин суугаа газар, харилцах хэлбэр;
  2. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцох хүний нэр, хаяг, албан тушаал, бусад шаардлагатай мэдээлэл;
  3. Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомжийн нэр, батлан гаргасан он, сар, өдөр, дугаар, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа албан тушаалтны нэр, хаяг үйл ажиллагааны талаар;
  4. Өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоо;
  5. Маргаж байгаа асуудлын талаарх өөрийн байр суурь;
  6. Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байгаа шаардлага;
  7. Үндсэн хууль болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн Цэцэд хандаж байгаа;
  8. Хавсаргасан бичиг баримт болон холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, тодорхой хаяг.

    Таны өргөдлийг дараах тохиолдолд хүлээн авахгүй:

  1. Эцэг, эхийн болон өөрийн нэрээ тусгаагүй, гарын үсэг зураагүй;
  2. Өөрт шууд хамааралгүй асуудлаар өргөдөл гаргавал;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл төрийн үйлчилгээний цахим машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтаар авсан иргэний үнэмлэхийн лавлагааны эх хувийг хавсаргаагүй;
  4. Тухайн хэрэг, маргаанд хэрэглэх хууль, түүний заалт Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхээс бусад тохиолдолд өргөдөлтэй холбогдол бүхий хэрэг, маргаан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагад хянагдаж байгаа;
  5. Өргөдөлтэй холбогдол бүхий санал, өргөдөл, гомдол, хүсэлтийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эрх бүхий холбогдох бусад байгууллага албан тушаалтнаар шийдвэрлүүлэхээр гаргасан;
  6. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандаж буй хууль болон бусад эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, шинэчилсэн найруулга хийх, тэдгээрийг шинээр батлах төслийг хууль санаачлагчид уламжилсан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилсан, шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, хандсан байгаа;
  7. Шийдвэрлүүлэхээр тавьж буй асуудал нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэр байгаа тохиолдолд Засгийн газар болон Улсын Их Хуралд хандаагүй;
  8. Баталгааны маягт бөглөөгүй. /Баталгааны маягтыг өөрийн биеээр бөглөнө./

Итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хянан шийдвэрлэх  ажиллагаанд оролцох:

  1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тохиолдолд өргөдөл, мэдээлэл гаргагч нь албан ёсны итгэмжлэл, эсхүл шүүхэд төлөөлөх эрхийг баталгаажуулсан баримт зэрэг шаардлагатай мэдээллийг хавсаргана.
  2. Өргөдөл гаргагч нь хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авсан бол Цэцийн хуралдаан болохоос 6-аас доошгүй хоногийн өмнө холбогдох мэдээллийг Цэцийн Тамгын газарт ирүүлсэн байна.

Хамтран өргөдөл гаргах тохиолдолд:

Хэд хэдэн иргэн өргөдөл гаргаж буй тохиолдолд  хуралдааны нарийн бичгийн дарга Цэцтэй харилцах, төлөөлөх эрх бүхий иргэнийг тодруулж, бүрэн эрхийг тодорхойлон тэмдэглэгээ үйлдэнэ.

Мөн тохиолдолд аль нэг иргэн нь төлөөлж баталгааны маягтыг бөглөж болно.

Өргөдлийг шуудангаар илгээх тохиолдолд:

Шуудангаар ирсэн өргөдөл нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байвал өргөдлийг буцаана.

Шуудангаар өргөдөл ирүүлсэн бол Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж буй асуудалтай нь холбогдол бүхий хэрэг, маргаан, өргөдөл, гомдлыг эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтан хянаж байгаа эсэхийг тодруулахын тулд баталгааны маягтыг өргөдөлтэй хавсарган буцаана.

Буцаасан өргөдлийг баталгааны маягтыг бөглөж ирүүлсэний дараа хүлээн авч бүртгэнэ.

      Хаяг: Монгол Улс, Улаанбаатар 17024, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр   хороо Зайсангийн гудамж, Үндсэн хуулийн цэц

      Утас:  Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга: 62264886