Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар

Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Yндсэн хуулийн цэц ажлын албатай байхаар заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар нь Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн бие даасан, гишүүний хараат бус байдлыг хангах, Цэц, түүний гишүүдийн үйл ажиллагаагаанд мэргэжил арга зүй, судалгаа, шинжилгээ, мэдээлэл, лавлагааны асуудлаар дэмжлэг үзүүлэх,  хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд түүнийг дараахь арга, хэлбэрээр хэрэгжүүлдэг:

  • Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэргэжлийн мэдлэг, дадлага, туршлага бүхий хэсэг ажилладаг;

Тэрээр иргэн, холбогдох байгууллага, албан тушаалтнаас Цэцэд хандан гаргасан өргөдөл, мэдээлэл хүсэлтийн талаар нотлох баримт цуглуулах, шалгалт хийхтэй холбогдуулан гишүүнээс өгсөн үүргийг биелүүлэх, холбогдох лавлагаа, мэдээлэл, судалгаагаар хангах зэрэг дэмжлэгийг гишүүдэд үзүүлж, Цэцийн хуралдааны бэлтгэлийг  ханган түүнийг хэвийн явуулахад чиглэсэн нөхцөл бололцоог бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

  • Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

Иргэн, холбогдох байгууллага, албан тушаалтнаас Цэцэд хандан гаргасан өргөдөл, мэдээлэл хүсэлтийг хүлээн авах, хуваарилуулах, цэцийн шийдвэр болон бусад баримт бичгүүдийг албажуулах, хэрэг, материалыг архивлан хадгалах, хэвлэл, мэдээлэлээр хангах, номын сангаар үйлчлэхээс гадна хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг судлан  шийдвэрлэж ажилладаг.

  • Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн гадаад харилцааны асуудлыг эрхлэх;

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гадаад харилцаа, ёслолын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг эрхлэж, Үндсэн хуулийн цэцийн шугамаар гадаад орнуудын Үндсэн хуулийн шүүх, түүний ажлын алба болон олон улсын бусад байгууллагатай харилцан хамтран ажиллах, гадаад оронд айлчлах, гадаадаас ирэх зочин, төлөөлөгчдийг хүлээн авах, бэлтгэл хангах, Цэцийн гадаад харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн ажил үүргийг эрхлэн гүйцэтгэдэг.

  • Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж, санхүү аж ахуйн үйлчилгээ үзүүлэх;

Цэц хөрөнгө, төсвийн хувьд хараат бус хэвийн ажиллах  нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлэн байгууллагын үйл ажиллагааны ойрын болон дунд хугацааны  төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулах, эдийн засаг, хөрөнгийн чадавхийг дээшлүүлэхийн тулд төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг зохистой хэрэгжүүлэх, өмч хөрөнгийг ашиглах, зарцуулах, олж бэлтгэх, Цэцийн байрны хэвийн ажиллагааг хангаж, санхүү, аж ахуйн шаардлагатай бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ.