Н.Жанцан: Хуульд орсон өөрчлөлт буцаж үйлчлэхгүй

Сонгуулийн тухай хуулийн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болон цаг үеийн асуудлаар Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцантай ярилцлаа.

            – Үндсэн хуулийн цэц 2012 онд сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэр гаргачихаад сая түүнийгээ үгүйсгэсэн шийдвэр гаргалаа гэсэн маргаан нэлээд явлаа. Үнхээр тийм зүйл болсон юм уу?

            – Үндсэн хуулийн цэц 2012 онд Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөөд өөрийнхөө тойрогт ялагдсан атлаа өндөр оноотой байсан гээд намын жагсаалтын өмнө бичигдэн дахин сонгогдож болох заалт байсныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд байсан гулсдаг тогтолцооны асуудлаар шийдвэр гаргасан.

            Тэр үед зарим иргэн холимог тогтолцоо буюу намын жагсаалтаар сонгогдох асуудлаар Цэцэд өргөдөл өгч байсан боловч уг асуудлыг шалгаж байсан гишүүн энэ сэдвээр нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээгүй бөгөөд нэгэнт маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээгүй сэдвээр Цэц шийдвэр гаргаж болдоггүй хуультай. Үүнийг ч олон хүн мэддэг юм билээ.

            Тэгэхээр 2012 онд сонгуулийн холимог тогтолцооны талаар буюу намын нэрээр жагсаалтаар сонгогддог асуудлаар Цэц ямар ч шийдвэр гаргаагүй гэсэн үг. Энэ асуудлаар энэ жил иргэд дахин гомдол гаргасны дагуу маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэж шийдвэрээ гаргасан юм.

            – Тэгээд яагаад нэр бүхий гишүүд Цэц нэг асуудлаар хоёр өөр дүгнэлт гаргасан гээд дахин, дахин яриад байгаа юм?

            – Үүнийг би яаж мэдэх вэ, заримд нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр таалагдаагүй биз. Ер нь бүх хүнд таалагддаг шүүхийн шийдвэр гэж байхгүй шүү дээ. Зарим нь худал үгийг 1000-н удаа хэлэхээр үнэн болдог гэдэг зарчмын дагуу ч явж байж болох юм.

         Ажиглаад байхад жагсаалтад орж сонгогдоно гэдгээ урьдаас тохирчихсон, итгэчихсэн гишүүд нь илүү их бухимдаад байна лээ. Хаашаа ч яваагүй, хэнтэй ч уулзаагүй байснаа сонгуулийн дүн зарлахад л шууд Улсын Их Хурлын гишүүн болчихно гэдэг бас сайхан л байх л даа.

            Дашрамд хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Германы ч юм уу, Туркийн Үндсэн хууль манаагүй. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүнийг сонгоно, Монгол Улсын иргэнийг сонгоно гэж цагаан дээр хараар бичээстэй байгаа. Намыг сонгох тухай үсэг ч байхгүй.

            Гэхдээ иргэд нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхдөө хүнийг ч, намыг ч харж саналаа өгдөг биз дээ, ийм болохоор намыг бүхэлд нь үгүйсгэсэн гэх үндэслэл байхгүй.

            – Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаар одоогийн Улсын Их Хурал хууль ёсны парламент мөн үү гэдэг асуулт олны анхаарлын төвд байна. Намын жагсаалт нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг хүлээн авснаар жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн хүчин төгөлдөр бус болж таарна гээд байгаа л даа?

            – Ийм асуудал огт байхгүй. Нэгдүгээр зарчим нь хууль эргэж үйлчлэхгүй. Одоогийн оруулсан өөрчлөлт бол ирэх сонгуулийн хүрээнд үйлчилнэ гэдэг нь нэн ойлгомжтой зүйл.

            Одоогийн парламентад жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн бол тухайн цагийнхаа хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар сонгогдсон гишүүд. Тэдний эрх зүйн байдлыг хэн ч хөндөөгүй, хөндөх ч боломж байхгүй. Зарим хүмүүс яагаад ийм үгүйсгэлийн  үгүйсгэлийн зарчмыг урьтал болгоод байдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийн агуулга нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр өмнөх харилцаанд буцаж үйлчлэхгүй, гарсан цагаасаа хойш үйлчилнэ, шийдвэр гарсны дараах харилцаанд  дагаж мөрдөгдөнө гэдгийг тодорхойлж байгаа юм.

            – Жагсаалтаар орж ирсэн гишүүдийн санаачлан батлуулсан хуулиуд хүчин төгөлдөр бус гэж үзэх үү. Жагсаалтын гишүүдийн оролцсон, ирц бүрдүүлсэн хууль хуулийнхаа хувьд эрх зүйн чадамжтай юу?

            – Би энэ талаар өмнөх асуултад нэн ойлгомжтой хариуллаа гэж бодож байна. Цэцийн шийдвэр ийм үр дагавар дагуулахгүй. Хэрэв дагуулах байсан бол шийдвэртээ зааж өгдөг журамтай. Тэгээд ч хууль буцаж үйлчлэхгүй гэсэн алтан зарчмыг хэн ч эвдэж чадахгүй.

            Одоо Монгол Улсад хууль ёсны парламент ажлаа явуулж байна. Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхэд ямар ч өөрчлөлт ороогүй.

            – Үндсэн хуулийн цэцийг улс төрийн захиалгаар энэ дүгнэлт, шийдвэрийг гаргалаа гэсэн шүүмжлэл их гарлаа, бас сонгуулийн тогтолцоонд ухралт боллоо гэж яриад байна?

            – Ер нь дандаа тэгж ярьдаг шүү дээ. Ямар анх удаа энэ үгийг сонсож байгаа биш.

            Өөрт нь таалагдаагүй шийдвэр гарвал хардах эрхээ эдэлж дан тэгэж ярьцгаадаг юм. Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүнд зэрэг нөлөөлж шийдвэр гаргуулдаг тэр лут хүн хаана байна аа.

            Тэмүүжин гишүүн телевизээр Жанцан гишүүн Нямдорж гишүүнээс захиалга авч Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон гэж яриад байна лээ. Тэмүүжин гишүүн намайг магтаад байгаа юм уу, шүүмжлээд байгаа юм уу? Би сайн ойлгохгүй байгаа юм. За би захиалга авсан байя гэж бодъё, тэгээд жишээ нь би Очирбат гишүүнтэй уулзаад нөгөө захиалгаа ярихаар нөгөөдөх нь за тэгье гэх юм гэнэ ээ. Хэрэв бүх гишүүдээ ингэж зөвшөөрүүлж чаддаг юм бол би мөн нөлөө бүхий этгээд болох нээ дээ. Худал хэлэхдээ хүн үнэмшиж болох,  байж болох хэмжээнд худал хэлмээр юм.

            Үндсэн хуулийн цэцэд нөлөөнд орох хэмжээний гишүүн нэг ч байхгүй. Ер нь Үндсэн хуулийн цэц шиг шигшмэл бүрэлдэхүүнтэй байгууллага Монголд Улсад байхгүй дээ. Одоогийн Үндсэн хуулийн цэцийн 8 гишүүн гэхэд 8-уулаа доктор, профессор. 8-уулаа их, дээд сургуулийн эрэлт хэрэгцээтэй багш нар гээд бод доо.

            Харин сонгуулийн тогтолцоонд ухралт, дэвшилт гарсан тухайд би хариулах боломжгүй. Хэрэв ухралт боллоо гэж үзэж байгаа бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж болно шүү дээ. Цэц бол Үндсэн хуульд бусад хуулийг нийцүүлэх л үүрэгтэй. Үндсэн хуулийн заалтыг засварлах эрх хэмжээ бидэнд байхгүй, харин хамгаалах л үүрэг бий.

            Ер нь мажоритар, холимог тогтолцоонд аль алинд нь сайн, бас сөрөг тал байдаг. Үүнээс Монголын хөрсөнд аль нь илүү тохиромжтойг маш сайн нягтлан байж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой.

            – 76 жижиг тойрог, томсгосон тойрог хоёрын аль нь Үндсэн хуульд илүү  нийцэх вэ?

            – Энэ хоёр сонголтын тухайд аль аль нь Үндсэн хуульд нийцэх учраас алийгаа сонгох нь зөвхөн Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал.

            Томсгосон тойрог дээр бол сонгогчид арай илүү эрх чөлөө эдэлдэг юм. Жижиг тойрог дээр бол Та энэ гурван нэр дэвшигчээс сонгож саналаа өг Танд өөр сонголт байхгүй гэсэн тулгалтад орж байгаа юм. Гэхдээ чөлөөт сонгууль гэдгийг дуртай хүнийхээ нэрийг бичнэ гэж бас ойлгож болохгүй.

            Сонгуулийн хуулийг сонгууль болохоос 6 сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн зарчим эвдэгдлээ гэсэн шүүмжлэл бас их гарсан. Үүнд Та юу гэсэн хариулт өгөх вэ?

            – Сонгуулийн хуулийг хууль тогтоох байгууллага өөрчлөх, шүүхийн шийдвэрээр өөрчлөх хоёр нь өөр хоорондоо том ялгаатай. Шүүхэд сонгуулийн хуулийн тодорхой заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн гомдол хэзээ ирэхийг хэн ч таашгүй. Хэрэв тэр гомдол, мэдээлэл үндэслэлтэй байвал шүүх авч үзэхээс өөр арга зам байхгүй. За энэ заалт Үндсэн хууль зөрчих нь зөрчсөн юм байна, сонгуулийн дараа больё гэсэн ойлголт байж таарахгүй биз дээ. Дэлхийн аль ч улсын Үндсэн хуулийн шүүх асуудалд ийм л журмаар ханддаг юм.

            Харин ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэр цагаа олж гарлаа. Дөнгөж сонгууль болсны дараа ийм шийдвэр гарвал жинхэнээсээ улс төрийн тогтворгүй байдал бий болно.

            Гэмт хэрэг үйлдсэн нь илэрхий нотолгоотой нэр дэвшигч байвал за сонгуулийн дараа шалгая гэдэггүй биз дээ.

            – Та бол сэтгүүлч нарт олддоггүй хүн нэгэнт уулзсаных дахин нэг асуулт асууя. Үндсэн хуулийн цэцэд Р.Гончигдорж гишүүн очих юм, дарга болох юм гэж их яригдаад байх юм. Энэ үнэн үү?

            – Цэцэд ирэх гишүүнийг бид мэддэггүй шүү дээ. Р.Гончигдорж гишүүн Цэцэд ирдэг юм байж, дарга болохыг нь бас яаж мэдээд байгаа юм.  Бид даргаа өөрсдөө сонгодог шүү дээ.

            Ер нь тэгээд Амарсанаа гишүүнийг чөлөөлсөн Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Улсын дээд шүүх шинээр томилогдох гишүүний нэр дэвшүүлэх үү. Энэ бол эрх зүйн хувьд анхаарах асуудал мөн.

            Миний хувийн бодол бол Гончигдорж гишүүнийг Цэцэд ирэхгүй байх л гэж боддог. 63 нас хүрсэн хүн Цэцэд ирээд Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаанд шинээр суралцаад, 2 жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж үү. Арай ч үгүй байлгүй дээ.

            Улсын Их Хурал ч гэсэн Цэцийн гишүүнээр ядаж 6 жил суух насны хүн томилох байлгүй.

            – Тэгвэл Цэцийн даргын сонгууль хэзээ болох вэ? Ямар хүн Цэцийн дарга болох вэ? Танд бол баримжаа байгаа байх.

            – Цэцийн даргын сонгуулийг Цэцийг бүрэн бүрэлдэхүүнтэй болсон цаг үед хийнэ. Өөрөөр хэлбэл 9 гишүүн 9-үүлээ байгаа үед.

            Цэцийн даргаар одоо байгаа Цэцийн гишүүдийн хэн нь ч сонгогдох магадлалтай. Ганцхан надаас бусад нь. Цэцийн даргаар нэг хүн хоёр удаа сонгогдож болох хуультай. Миний хувьд аль хэдийн хоёр удаа сонгогдоод түүнээс хойш 2 дахь удаагаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Цаг гарган цөөн хором ч гэсэн илэн далангүй ярилцлага өгсөнд баярлалаа.