Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно.

Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа, Жаран дөрөв, Жаран тавдугаар зүйлийн холбогдох хэсгийг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу маргаан үүсгэн Үндсэн хуулийн цэц 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж 03 дугаар дүгнэлт гаргасан билээ. Монгол Улсын Их Хурал уг дүгнэлтийг 3 сар гаруйн өмнө хүлээн авсан боловч одоог хүртэл хуулийн дагуу шийдвэрлэж зохих хариуг ирүүлээгүй байна.

Иймд Үндсэн хуулийн цэц уг маргааныг дахин хянан хэлэлцэх Их суудлын хуралдааныг шууд зарлан хуралдуулахаар шийдвэрлэн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товложээ.