“ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ (ОНОЛ, АРГА ЗҮЙ, ХЭРЭГЖИЛТ)” СЭДЭВТ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс  “Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал (онол, арга зүй, хэрэгжилт)” сэдэвт бүтээлийг эрхлэн нийтлүүлж, олны хүртээл болголоо.

Энэхүү бүтээлд Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамж, түүхэн гавьяа, алдаа оноо, эрх зүйн зохицуулалт, цаашид боловсронгуй болгох арга зам хийгээд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, парламент, Үндсэн хуульт ёсны хөгжил, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хязгаар, Үндсэн хуулийн цэц, Улсын Их хурлын хоорондын харилцаа, тэрчлэн Үндсэн хуулийн үндсэн бүтэцийн онол, номлол, өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийн баталгаа зэрэг олон чухал сэдвийг хөндсөн болно.

nom garlaa

Номыг бүтээхэд ажил үүргийн хувьд Үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан үе үеийн цэцийн гишүүд болон Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн манай Улсын эрдэмтэн, судлаачид сэтгэл зүтгэл, хүч оюунаа зориулсан бөгөөд уг бүтээлийг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан хянан тохиолдуулсан байна.

Тус бүтээл нь Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, хамгаалахын төлөө ажиллаж буй Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллагсдад гарын авлага болоод зогсохгүй эрдэмтэн судлаачдын Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны ажил, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.