Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат ном гаргалаа

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хууль: хэрэгжилт, хяналт, судалгаа” хэмээх эрдэм шинжилгээ, судалгаа болон түүхэн баримтыг өгүүлсэн бүтээлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат туурвин, олны хүртээл болгосон байна.

Mongol Ulsiin Undsen huuli P

Зохиогч уг бүтээлээ Үндсэн хуультай ажил, амьдралаа холбосон 20 гаруй жилийн өөрийн туршлага, судалгаан дээр үндэслэн бүтээжээ. Энэхүү бүтээл нь бүтцийн хувьд Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналт, судалгаа гэсэн хэсгээс бүрдсэн бөгөөд агуулгад Үндсэн хуулийн зүйл, заалт нэг бүрийн талаар тусгаж, тухайн зүйлийн заалтын дагуу батлагдсан органик болон бусад хууль тогтоомжууд, холбогдох судалгаа болон Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлын дагуу шийдвэрлэж гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолын талаарх мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн зарим шийдвэр, түүнчлэн Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналт дээр үндэслэн зарим асуудлыг сонгон судалж тайлбар, санал дүгнэлтийг товчхон илэрхийлсэн байна.

            Үндсэн хуулийн хэрэгжилтийг хуулийн зүйл заалт бүртэй хадаж гаргахыг хичээсний учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эмзэг газрыг олж тодорхойлоход дөхөм гэж бодохын зэрэгцээ Үндсэн хуулиа яаран битгий хөндөөсэй гэсэн санааг зохиогч энэхүү номдоо шингээжээ.

Энэхүү бүтээл нь Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, хамгаалахын төлөө ажиллаж буй Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, тэдний зөвлөх, туслах, ажлын албаны албан хаагчид, судлаачдад Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийхэд чухал ач холбогдолтой нэгэн эх сурвалж болжээ.