Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан олон улсын симпозиумд оролцов

2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулсан “Ази дахь Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо ба ирээдүй” сэдэвт олон улсын симпозиумд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Ш.Цогтоо нар оролцлоо.

Solongost hural

Уг симпозиумд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл, түүний онцлог” сэдвээр илтгэл тавьж, “Үндсэн хуулийн шүүхийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаар үндсэн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих” сэдэвт 2 дугаар хуралдааныг даргаллаа.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр 20 орчим улс, байгууллагын төлөөлөгчид оролцсон дээрх арга хэмжээний үеэр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх, Венецийн Комисс, Африкийн хүний ба ард түмний эрхийн шүүхийн дарга нартай тус тус хоёр талын уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагаа, харилцааны талаар санал солилцож, мөн БНСУ-ын Үндэсний телевизэд (KBS) ярилцлага өгөв.