Чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийг сонсов

Улсын Их Хурлын 2018 оны  10 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр дүгнэлтийг сонслоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийн талаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй буюу түүнийг албадан гүйцэтгэхгүй байх үр дагавар бүхий зохицуулалтыг хуульчилжээ. Энэ хугацаанд төлбөр авагч болон нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаарх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй байхаас гадна тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолохоор тусгасны зэрэгцээ тоолохгүй байх үндэслэлийг мөн хуульчилсан байна гэж Цэцийн хуралдаанаас дүгнээд дээрх хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргасан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.8-д “Цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй” гэж заасны дагуу ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр дүгнэлтийг танилцуулсан.