“Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд боллоо.

“Шударга ёс, хүний эрх, хуулийн засаглал”  нэрийн дор зохион байгуулсан  энэхүү чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим болон  олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Чуулганы үеэр “Шүүхийн шинэчлэл, бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага”, “Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал”, “Шүүхийн захиргааны шинэтгэл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”,  “Шударга ёс хамтын ажиллагаа”,  Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам”, “Шударга шүүхээр шүүлгэх эрх, цахим шилжилт, ухаалаг шүүх”,  “Монгол Улс дахь хууль зүйн боловсрол, ёс зүйн тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавьжээ.

 Түүнээс гадна “Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга, хариуцлага” сэдвээр салбар хэлэлцүүлгийг тус тус  өрнүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганд оролцогсдод хандаж үг хэлэхдээ,  “хууль дээдлэх ёс, хуульчийн ёс зүй бол Та бүхний баримтлах ёстой хамгийн гол үнэт зүйл, зарчим мөн.”, “Хамгийн гол нь шударга ёс гэдэг нь үр дүнгээр хэмжигддэг үнэт зүйл гэдгийг ойлгох учиртай.”, “Хуулийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний хязгаарыг давж үл болох бөгөөд хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гол үүрэгтэй.”, “Хууль хүн бүрт тэгш, алагчлалгүй үйлчлэх ёстой. Хууль, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээж, хуулийн байгууллагын шинэчлэлийг цогцоор нь хийх шаардлагатай байна.гэдгийг  онцлон тэмдэглэв.