Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр /2021-10-28/ хүлээн авч уулзав.

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга хоёр улсын Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааг үнэлж хэлэхдээ, “Манай хоёр улсын Үндсэн хуулийн шүүхүүд хамтран ажиллаж ирсэн сайн суурь, баялаг түүхтэй. Энэ хүрээнд, тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койка/-тай хамтран “Цахим шүүхийн систем”  төслийг амжилттай хэрэгжүүлснийг дурдаад ийнхүү харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэдгээ илэрхийллээ.

       Тэрбээр цааш нь, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалах болсныг Элчин сайдад дуулгалаа. “БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх их хичээл зүтгэл гарган Монгол Улсын Үндсэн хуулийн цэц түүнийг дэмжсэнээр энэ нийгэмлэг байгуулагдсан түүхтэй. Цаашид Үндсэн хуулийн шүүх хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөгжлийнх нь чиг хандлагыг тодорхойлох онол, арга зүйн үндсийг боловсруулах, хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд нийгэмлэг чухал үүрэгтэй”-г онцлон тэмдэглэв.

Мөн “Нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхэд байрладаг. Тус газарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд судалгаа хийж ирсэн сайхан уламжлалтай. Үндсэн хуулийн шүүхийн онолын асуудлын суурь болон дагалдах судалгаанууд их ач холбогдолтой тул ажилтнуудынхаа судалгааны ажлыг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалж буй хугацаанд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь 2022 онд  “Үндсэн хуулийн шүүхийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний симпозиумыг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээ нь Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсны, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог юм.” гэдгийг тэрээр цохон хэллээ.

        Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Юү Намсокийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж буйг нь уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

       Элчин сайд Ли Ё Хун энэхүү урилгыг Үндсэн хуулийн шүүхийн даргад уламжилна гэдгээ илэрхийлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалах болсонд баяр хүргэв.

       Тэрбээр, “БНСУ-ын Засгийн газраас  хэрэгжүүлж байгаа “Шинэ умардын” бодлого”-ын хамгийн чухал түнш орны нэг нь Монгол Улс юм. Хоёр орны Ерөнхийлөгч нар саяхан хийсэн уулзалтынхаа үеэр  цаашид олон салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж тохиролцсон. Энэ хүрээнд хоёр улсын Үндсэн хуулийн шүүхүүдийн  хамтын ажиллагаа улам идэвхтэй үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.