Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав

  “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлт өнөөдөр /2022-5-14/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласнаар мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх үйлс нь бүх нийтийг хамарсан уламжлал болон тогтоод байна. 

Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн ихээхэн түлхэц үзүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон түүний Тамгын газар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ 2015 оноос эхлэн мод тарих, арчлах, хамгаалах талаар хамтран ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг батламжиллаа.

Энэ жил “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулсан “Мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Цэцийн гишүүд болон Тамгын газрын дарга, ажилтнууд оролцож, үрээр үржүүлсэн модны тарьц шинээр суулгах, өмнө нь тарьсан модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах зэргээр нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав.