УИХ-ын дарга Г.Занданшатар Туркийн Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 10 дугаар 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Зүхтү Арсланы урилгаар Туркийн Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгийн дэд дарга Ж.Мөнхбат нарын хамт оролцов. Энэхүү ёслолын ажиллагаанд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп болон сайд нар, Дээд шүүхийн дарга мөн оролцлоо.

Ёслолын ажиллагааны эхэнд Туркийн Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслан хэлсэн үгэндээ, “ Үндсэн хуулийн шүүхийн оршин тогтнох үндэс нь Үндсэн хуулийг дээдлэх, үндсэн эрхийг хамгаалахад орших ба эрхэд суурилсан хандлагыг хамгаалах, хадгалах нь улс орон, үндэстний эрх ашигт нийцнэ гэдгийг онцлов.

Туркийн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн хүний эрх, эрх чөлөөг тууштай, шударга, ямар нэгэн нөлөөгүйгээр хангах тангаргаа төр, ард түмнийхээ өмнө өргөдөг бөгөөд УИХ-ын дарга Г. Занданшатар энэ ёслолд гадаад улс орнуудаас анх удаа оролцсон өндөр түвшний зочин болжээ.
/эх сурвалж:Parliament.mn/