“Хуульчдын форум-2022”-ыг “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл” сэдвийн дор зохион байгууллаа

  Монголын Хуульчдын холбооноос дөрөв дэх жилдээ “Хуульчдын форум”-ыг “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл" сэдвийн дор 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

      Энэ жил ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ой тохиож байна. Энэ бол хүний эрх, эрх чөлөөг дархлан хамгаалж, засгийн бүх эрх ард түмний мэдэлд ирж, нийгмийн асуудлыг эрх мэдлээр биш эрх зүйт ёсоор шийдвэрлэж, төрийн удирдлага Үндсэн хуульд захирагддаг болсны 30 жилийн ой юм. Үндсэн хуулийн хүч чадал нь түүнийг хамгаалах иргэн бүрийн зориг, шийдвэрт оршдог. Хүн бүр Үндсэн хуулиа хамгаалах үүргээ биелүүлж байж сая хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө нь баталгаажна. Сүүлийн жилүүдэд, Үндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, цоо шинэ буюу V Үндсэн хуулийн тухай асуудал ч хөндөгдөх болсон. Тиймээс дөрөв дэх удаагийн “Хуульчдын форум"  “Үндсэн хуулийн үзэл баримтлал, сорилт, бэрхшээл” сэдвийн зохион байгуулагдаж, хуульч, эрдэмтэн, судлаачид санал, бодлоо солилцож, хэлэлцлээ.

   Үндсэн хуралдааны хүрээнд, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн  үнэт зүйлийг хамгаалах асуудал-Шинжлэх ухааны үндэслэл” , Хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл “Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим”, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт”,  Хууль зүйн ухааны доктор В.Удвал “Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг, сорилт, бэрхшээл”, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан  “Өмчлөх эрхийн Үндсэн хуулийн баталгаа” , Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч А.Базар “Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 2-р шийдвэрийн талаарх шүүмж хэлэлцүүлэг” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.

Харин  салбар хуралдааны хүрээнд “Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн бүтцийн асуудал”, “Үндсэн эрхийг Захиргааны хэргийн шүүхийн үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалтаар бэхжүүлэх нь”, “Өмчлөх эрхийг хувийн эрх зүйгээр хангах нь”, “Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлийг Эрүүгийн хууль тогтоомжоор хамгаалах нь” салбарын ерөнхий сэдвийн хүрээнд “Үндсэн хуулийн оршил хэсэг-үзэл баримтлал", “Үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага", “Өмгөөлөгч нийтийн эрх эрх ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргах эрх", “Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нийтийн эрх зүйн чиг үүргийн хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад тулгамдаж буй асуудал", “Арилжаа эрхлэгч болон хэрэглэгчийг хувийн эрх зүйн суурь ойлголттой болгосноор өмчлөх эрхийг хамгаалах орчин бүрдэх нь", “МУ-ын 2017 оны 01 тоот тогтоолын үр нөлөө, ач холбогдол", “Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ ба хүний эрх", “Халдашгүй чөлөөтэй байх эрхийн Эрүүгийн эрх зүйн хамгаалалт", “Эрүүгийн эрх зүйн хөөн хэлэлцэх хугацааны тулгамдсан асуудал" зэрэг сэдвээр хуульч, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал, шийдэл дэвшүүлж, зөвлөмж, уриалга гаргасан бөгөөд зөвлөмжийг албан ёсоор холбогдох байгууллагад хүргүүлэх юм.

      “Хуульчдын форум” нь хуульчдын нийтийн сайн сайхны төлөөх дуу хоолой, байр суурийг илэрхийлэх индэр болдог бөгөөд энэ удаагийн форумд 300 гаруй хуульч, хүндэт зочид, эрдэмтэн судлаачид, хууль зүйн салбарын доктор, профессорууд оролцож илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн туршлага, санал, санаачилгыг хуваалцсан. Мөн хүндэт зочноор Ардын Их Хурлын дарга асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Үндсэн хууль тогтоогч Ж.Гомбожав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор, Үндсэн хууль судлаач Н.Жанцан, УИХ-ын дэд дарга асан, Үндсэн хууль тогтоогч Л.Цог, Монгол Улсын гавьяат багш, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, Монгол Улсын гавьяат хуульч Д.Чилхаажав нар оролцож, хуульчидтай сонирхолтой ярилцлага өрнүүллээ. 

Форумын үйл ажиллагааны хүрээнд хуралд оролцогчдын ирц,  нас, хүйс, мэргэжил, боловсрол зэргээр нь статистик мэдээллийг шуурхай, нээлттэй мэдээллээ. Мөн хуульчдын цаг, завыг хэмнэх, эргэх холбоог сайжруулах хүрээнд нэг цэгийн үйлчилгээг ажиллуулж, хуульчид нэгдсэн бүртгэлийн мэдээлэл, гишүүний татвар, сургалтын багц цаг, даатгал, хорооны гишүүнчлэл зэрэг мэдээллийг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллалаа.

  Эх сурвалж: http://www.mglbar.mn