Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяад “Хүндэт доктор” цол гардуулав

Хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Монгол Улсын Гавьяат хуульч, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Цэрэнбалтавын Сарантуяад өнөөдөр /2022.11.17/ Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас “Хүндэт доктор” цол гардууллаа.

МУИС-ийн Эрдмийн Их танхимд болсон цол гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат баяр хүргэж хэлсэн үгэндээ, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа нь хууль зүйн салбарт 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хоёр удаа томилогдож, Цэцийн Судалгааны төвийн захирлаар үр бүтээлтэй ажиллах хугацаандаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлэх, англи хэлнээ хөрвүүлэх, Цэцийн номын санг баяжуулах ажлыг амжилттай дэмжин ажилласныг дурдлаа. 

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэн Ц.Сарантуяа нь “Үндсэн хуулийн процессын эрх зүй” , “Үндсэн хуулийн эрх зүйгээр бодлого бодох аргачлал”, “Үндсэн хуулийн процессын эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” зэрэг Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр олон бүтээл туурвисан нэрт хуульч эрдэмтэн билээ.

Тэрбээр, 2001-2013 онд  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан бөгөөд түүний “Үндсэн хуулийн процессын эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” бүтээлд нь Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг хүртээсэн байна.