Шинэ Үндсэн хуулийг сурталчлах илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг сурталчлах илтгэлийн уралдааныг НИТХ, НЗДТГ-аас хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Тодруулбал, их, дээд сургуулийн оюутнууд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг”, “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр, ерөнхий боловсролын сурагчид “Хүний эрхийг хангахад төрийн болон хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдвээр энэхүү уралдаанд оролцсон юм.

Уралдааны нэгдүгээр шатанд 60 гаруй оюутан, сурагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 37 нь шалгарчээ. Тэгвэл хоёрдугаар шатанд шалгарсан оюутан, сурагчид илтгэлээ хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа.

Шилдэг оролцогчдод Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ шагнал гардуулсан юм.

Уралдааныг Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн суурь судалгааны секторын эрхлэгч Я.Долгоржав, Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт болон мэргэжлийн их сургуулиудын багш нар, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд шүүн явууллаа.

Эх сурвалж: https://ulaanbaatar.mn/